horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Худал үхэж, шүүхийг хуурсан Э.Түвшинжаргалын хэрэг

post-img

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Э.Түвшинжаргал гэдэг эмэгтэй хуурамч бичиг баримт ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ шүүхээс хорих ял сонсох нь тодорхой болмогц, өөртөө нас барсан гэх хуурамч баримт гаргуулан авч, шүүхээс, ялаас мултарсан хэрэг ил болоод байна. Тэр нас бараагүй, амьд байгаа нь тодорхой болсноор хэргийг нь шүүх сэргээгээд байгаа юм.

Түүний өмнө нь холбогдсон залилах, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг дээр энэ удаад хууль сахиулагчид хуурамч нотлох баримт гаргаж өгсөн хэрэг нэмэгджээ. “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” хуурамчаар бүрдүүлж, улсын бүртгэгчийг залилан, иргэний улсын бүртгэлд өөрийгөө нас барсан гэж бүртгүүлэн, жинхэнэ “Нас барсны гэрчилгээ” гаргуулан, шүүхэд аваачиж өгсөн хэргийг нь нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалган, прокурорт шилжүүлжээ. Улсын яллагч уг хэрэгт дараах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг үүсгэсэн заалт, зүйл:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1 (Залилах гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон);
  • 21.1-1 (Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн)
  • 23.2-1 (Үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан)

Тэр энэ хэрэгт аавыгаа хүртэл татан оролцуулсан байгаа юм. Ер нь тэр яагаад үхсэн болж, хувирав.

          Банкнаас 177 саяыг зээлж машин аваад, 172 саяар заржээ

Иргэн Э.Түвшинжаргал өөрийн өмч болох, нэр дээрээ өмчлөлийн бүртгэлтэй, нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг нэгэн ББСБ-д 2018.06.29-нд барьцаалж, 330 сая төгрөг зээлжээ. Гэвч тэр зээлээ төлөөгүйгээр зогсохгүй байрныхаа гэрчилгээг хуурамчаар үйлдэж, бусдад зарах гэж байгаад баригджээ. Уг байрыг нь худалдаж авахаар, Э.З, Ц.Ө, Б.Н нар түүнд 130 сая төгрөг өгч залилуулсан байна. 

Э.Түвшинжаргал банкнаас зээл авахад шаардлагатай материалыг хуурамчаар бүрдүүлэн, нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороон дахь “Люксхаус-5” дугаар байранд байрлах “Хаан” банкинд өгч, 2017.12.08-ны өдөр 177 сая төгрөгийн зээл авчээ. Тэд “Таванбогд” ХХК-иас “Ланд круйзер 200” загварын машин худалдаж авах зорилгоор ийм зээл авсан аж. Банк зээл олгохдоо уг машиныг нь барьцаалсан байна. Гэвч тэд өнөө машинаа 1 хоногийн дараа буюу 2017.12.09-нд нэг хүнд 172 сая төгрөгөөр заржээ. Тэгсэн атлаа тэд банкнаас авсан зээлээ төлөөгүй байна. Учир нь уг машины гэрчилгээг “Таванбогд” компани Э.Түвшинжаргалын нэр дээр гаргаж өгсөн ажээ. Э.Түвшинжаргал банкнаас зээл авахдаа 2016 оны 3 дугаар сараас эхлэн “Эн Ди Жи Эм” ХХК-д хүний нөөц болон захирлын туслахаар ажиллаж байгаа, үндсэн цалин 2 сая 850 мянган төгрөг гэсэн утгатай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, орлогоо тодорхойлсон “Хас” банкны 5002272427 тоот дансны хуулга зэрэг баримт гарган өгсөн гэнэ. Түүний хамтран зээлдэгчээр “Миний нөхөр” гэж танилцуулсан Ц.Б гэх хүнийг авчирчээ. Ц.Б өөрийгөө цахилгааны инженер мэргэжилтэй, 2017.01.04-нөөс эхлэн “Мон лед юнайтед” ХХК-ийн инженерээр ажиллаж байгаа, сарын цалин 3.3 сая төгрөг гэж танилцуулан, байгууллагын тодорхойлолт, орлогоо нотолсон Худалдаа хөгжлийн банкны 456103076 дугаарын дансны хуулга зэрэг баримт гаргаж өгчээ.

“Хаан” банк тэдэнд зээл олгохдоо “Монгол даатгал” компанид зээлийг нь даатгуулсан байна. Уг гэрээнд зээлдэгч зээлээ төлөхгүй 61 хоновол “Монгол даатгал” ХХК Э.Түвшинжаргалын өмнөөс зээлийг нь “Хаан” банкинд төлөхөөр тусгасан аж. Э.Түвшинжаргал 3 сар зээлээ төлөөд, түүнээс хойш төлөхөө больжээ. Хамтран зээлдэгч Ц.Б нь ч төлөөгүй аж. Иймд “Хаан” банк гэрээний дагуу “Монгол даатгал” ХК-иас 2018.06.22-нд 174.029.154 төгрөг гаргуулан авчээ.

Ингээд Э.Түвшинжаргал, Ц.Б нар “Монгол даатгал” ХК-д 177 сая төгрөг төлөх өртэй болсон байна. Тиймээс “Монгол даатгал” компани Э.Түвшинжаргалаас өрөө төлөхийг шаардсан ч төлөөгүй гэнэ. Тус компани үүний дараа Авто тээврийн үндэсний төвөөс уг машины лавлагааг авахад, Э.Түвшинжаргал банкны зээлээр авсан машинаа ганцхан хоногийн дараа өөр хүнд заран, гэрчилгээг нь уг хүний нэр дээр шилжүүлснийг мэджээ.

                     Таньдаг ламаа зээл авахдаа ашиглажээ

Э.Түвшинжаргалыг банкнаас зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцож, нөхөр нь болж жүжиглэсэн Ц.Б энэ тухайгаа шүүхэд “Манай найз Т-ын эхнэр Э.Түвшинжаргал гээд эмэгтэй “Гандантэгчэнлин” хийд дээр ирж, хэд хэдэн удаа ном уншуулж байсан. Тэгээд ерөнхийдөө танил болсон. 2017 оны 12 дугаар сард байсан шиг санаж байна. Би Энэтхэг улсаас ирээд удаагүй байсан юм.  Э.Түвшинжаргал над дээр ирээд “Би нэг банкнаас машины зээл хөөцөлдөж байгаа юм. Улаанбаатар хотын харьяалалтай хүн хэрэгтэй байна. Чи хамтран зээлдэгчээр ороод өгөөч. Би өөрөө зээлээ төлөөд явна. Чамд бол ямар нэг асуудал байхгүй” гэж хэлээд, миний иргэний үнэмлэхийг аваад явсан.

Хэд хоногийн дараа Э.Түвшинжаргал хүрч ирээд “Банкны зээл бүтэхээр болчихсон. Ч очоод гарын үсэг зурчих” гээд намайг аваад “Хаан” банкны салбар дээр ирсэн. Тэгээд Э.Түвшинжаргал банкны бичигтэй хэдэн цаас авч ирээд, надаар “Энэ дээр зурчих” гээд л гараараа зааж байгаад хэдэн хэдэн баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Э.Түвшинжаргал надад ийм учиртай бичиг баримт дээр гарын үсэг зуруулж байна гэж тайлбарлаагүй. Э.Түвшинжаргал тэр оройдоо миний иргэний үнэмлэхийг буцааж өгөөд салцгаасан. Түүнээс хойш хэд хоногийн дараа ирээд “Машины зээл бүтсэн. Сайн ном уншиж өгсөн, их тус боллоо” гэж хэлээд надад 1 сая төгрөг өгсөн. Анхнаасаа “Чамд ямар ч асуудал байхгүй ээ” гээд байсан болохоор Э.Түвшинжаргалд тус болж байна гэж бодоод зөвшөөрөөд, гарын үсэг зурсан. Ийм үр дагавар үүснэ гэж мэдээгүй. Э.Түвшинжаргалыг ер нь ийм хэрэг төвөг тарьчих хүн гэж ч бодоогүй” гэж мэдүүлжээ. Үүнээс үзвэл Ц.Б түүний нөхөр биш бололтой.

                   Э.Түвшинжаргал М.Сүрэнжав гэдэг хамтрагчтай

Э.Түвшинжаргалын “Ланд круйзер 200” машиныг М.Сүрэнжав бусдад зарж өгчээ. Уг машиныг нь худалдаж авсан П.М “Тэр залуугаас яагаад дөнгөж авсан машинаа зарах гэж байгааг асуухад надад “Таван богд”-оос барилгын ажлын гүйцэтгэлд бартераар авсан юм. Энийг зараад, мөнгөө гаргаж авах гэж байгаа юм” гэсэн. Тэгээд би тухайн залуутай наймаа хийхээр болоод машиныг 172 сая төгрөгөөр авахаар тохиролцсон. Тэр өдрөө 3, 4 дүгээр хороололд байдаг нотариатын газар руу очиж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэр үед нөгөө залуу “Машин манай эхнэрийн нэр дээр байгаа” гээд Түвшинжаргал руу яриад бид хорооллын нотариат дээр уулзсан. …172 сая төгрөгийг Түвшинжаргалын “Хаан” банкны данс руу 99 сая, 73 саяар хувааж, АТМ-ээс шилжүүлсэн” гэж мэдүүлжээ. 

Энэ тухайгаа Э.Түвшинжаргал “2017 оны 12 дугаар сард М.Сүрэнжав ирж уулзаад “Монгол банкны мэдээллийн санд өр ширгүй, зээлийн муу түүхгүй юм чинь чи өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Сүрэнжав миний иргэний үнэмлэхийг аваад явсан. 7 хоногийн дараа “Таван богд” ХХК-ийн гадаа уулзаад, надад зээл авахад шаардлагатай бичиг баримтууд өгсөн. Би тэр баримтуудыг нь авч ороод “Хаан” банкны зээлийн эдийн засагч нар суудаг хэсэгт ороод, Сүрэнжавын зааж өгсөн эдийн засагчид нь өгсөн. Тэр өдрийн орой “Хаан” банкнаас над руу залгаад “Таны зээл бүтсэн. Ирж машинаа авна уу” гэж хэлсэн.

Тэр оройдоо Сүрэнжавтай хамт “Таван богд” ХХК руу очоод, шинэ машин хүлээж авсан. Сүрэнжав надад “Чамтай гэр бүл болоод харагдчихаар хүн байна уу” гэхээр нь би танил ламын иргэний үнэмлэхийг нь аваад, Сүрэнжавт өгсөн. Сүрэнжав бид хоёрыг холбоод, баахан хуурамч бичиг баримт хийчихсэн юм шиг байна лээ” гэж мэдүүлжээ.

М.Сүрэнжав “Би найзтайгаа хамт дулааны шугам сүлжээ угсралтын бизнес хийх гээд анхны хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон. Ингээд 2017.03.27-нд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Вестерн инвестмент фанд” ББСБ-д үл хөдлөх хөрөнгө 6 сарын хугацаатай барьцаанд тавьж, 50 сая төгрөг зээлсэн. Тухайн барьцаанд тавьсан орон сууцыг би гоо сайханы салон ажиллуулах зорилгоор интернэтээс зарын дагуу олж түрээсэлсэн байсан юм. Мөнгөний хэрэг гарсан учир тэр орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар хийсэн. Тэгээд дулааны шугам сүлжээний бизнес бүтэхгүй болоод, зээл төлөх асуудал хойшлогдсон. Би тэр гэрчилгээг хүнээр хийлгэсэн. 100 айлын улсын бүртгэлийн ойролцоо уулзсан намхан бор махлаг залуу надад 2 сая төгрөгөөр хийж өгсөн. Тухайн үед фэйсбүүкээр “Зээл авахад тусална” гэсэн зарын дагуу холбогдсон. Одоо тэр залууг хаана байгааг мэдэхгүй. М.М энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Энэ талаар мэдэхгүй. Зүгээр л зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би тухайн ББСБ-аас авсан үндсэн зээл болон бодит хохирлыг барагдуулсан. Хүү алдангийн зөрүү байхыг үгүйсгэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж мэдүүлжээ.

Тэр анх ингэж хуурамч бичиг баримт үйлдэн, бусдыг залилж эхэлжээ. Үүндээ Э.Түвшинжаргалыг татан оролцуулж, хамт залилан хийсэн байна. Хуурамч бичиг баримтаар банкийг залилан “Таван богд”-оос машин авсныхаа дараа Э.Түвшинжаргал нэр дээрээ өмчлөлийн бүртгэлтэй, нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг нэгэн ББСБ-д 2018.06.29-нд барьцаалж, 330 сая төгрөг зээлжээ. Гэвч тэр байр бас л түүнийх биш. Тэр уг зээлээ төлөөгүйгээр зогсохгүй өнөө хуурамч гэрчилгээгээ бусдад үзүүлэн, байхгүй байраа бусдад зарсан аж. Уг байрыг нь худалдаж авахаар, Э.З, Ц.Ө, Б.Н нар түүнд 130 сая төгрөг өгч залилуулсан байна. 

0/1000