Католик шашны тэргүүн, Ромын хамба лам Францис 88 насандаа таалал төгслөө. Түүнийг даваа гарагт Ватиканы Каса Санта Марта дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг Ватикан албан ёсоор мэдэгдээд байна.
Ромын пап Францис ням гарагт тохиосон Улаан өндөгний баярын үеэр Ариун Петрийн талбайд цугларсан олон мянган шүтлэгтэн олонтой уулзсаныхаа дараа таалал төгсжээ. Ватиканы Кардинал Фаррелл мэдэгдэлдээ “Даваа гаргийн өглөөний 07:35 цагт Ромын хамба лам Францис тэнгэр дэх эцгийнхээ гэрт буцлаа. Тэрээр өөрийн бүхий л амьдралыг Их эзэн болон түүний сүмд үйлчлэхэд зориулсан юм. Тэрээр бидэнд Сайн мэдээний үнэт зүйлсийг зааж сургахын сацуу үнэнч, зоригтой, хүн бүрийг ялангуяа хамгийн ядуу, гадуурхагдсан хүмүүсийг хайрлаж амьдрахыг заасан” гэжээ.
Ромын пап Францис он гарсны дараахан бронхитын эмчилгээ хийлгэсэн ч дараа нь хоёр уушгиндаа хатгалгаа авч, олон хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, дөнгөж гараад байсан юм. Тэрээр ням гарагт Улаан өндөгний баяраар олон нийттэй уулзсанаас гадна мөн Ватиканд айлчилсан АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй богинохон уулзалт хийсэн билээ.
Аргентин улсад төрсөн Ромын пап Францисын жинхэнэ нэрийг Хорхе Марио Берголио гэдэг. Тэрээр 2013 оны 3-р сард Ромын пап буюу католик шашны тэргүүнээр сонгогдож, Францис хэмээн нэрлэгдсэн түүхтэй. Тэрээр католик шашинд илүү зүүний талын шинэчлэл авчирсан гэдгээрээ алдартай бөгөөд Америк тивээс сонгогдсон анхны пап юм.
Католик шашны тэргүүн нас барсантай холбоотойгоор Ватиканы ахлахууд болон олон улсын католик шашны тэргүүдээс бүрдсэн Кардиналуудын коллеж Ромын шинэ папыг сонгоно. Уламжлалын дагуу Кардиналуудын коллеж папыг нас барснаас 15-20 хоногийн дотор цугларан, нууцаар хуралдаж, санал хурааснаар католик шашны шинэ тэргүүнийг сонгох болно.