horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-д Трампыг эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал болов

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ даяар Төрийн тэргүүнээ эсэргүүцсэн олон мянган хүний жагсаал зохион байгуулагдлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцсэн “50501” буюу “50 муж, 50 жагсаал, 1 эсэргүүцлийн хөдөлгөөн” хэмээн нэрлэсэн энэхүү жагсаалыг Америкийн хувьсгалт дайн эхэлсний 250 жилийн ойтой давхцуулан, өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан байна.

Цагаан ордны гадна талбайгаас эхлээд “Tesla” компанийн автомашин борлуулдаг салбаруудын өмнө, олон хотын төв талбайд иргэд Трампыг эсэргүүцэн жагсчээ. Энэ жагсаалын үеэр АНУ-ын Засгийн газрын төсвийг танах бодлогын хүрээнд олон мянган төрийн албан хаагчийг цомхотгож, гадаадын иргэдийг олноор нь албадан гаргаж буй явдал зэрэг Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа иргэд тайван байдлаар илэрхийлсэн байна.

Түүнчлэн маш олон судалгаагаар сонгогчдын дундах Трампын үнэлэмж доошилсон байна. “Gallup” байгууллагаас явуулсан судалгаагаар Ерөнхийлөгчийн ажилдаа орсноос хойших Трампын бүтээмжийг судалгаанд оролцогчдын 45% нь сайшаасан бол “Reuters/Ipsos”-ын хамтарсан судалгаагаар Трампыг дэмжигчдийн хувь 47%-иас 43% болж буурсан байна. Мөн тус судалгааны дүнгээр түүний засаг захиргааны эдийн засгийн үзүүлэлтийг судалгаанд оролцогчдын ердөө 37% нь л дэмжсэн байна.

АНУ-ын улс төрийн мэдээ, мэдээллийн “RealClearPolitics” вэбсайтаас явуулсан судалгаагаар мөн Трампын бодлогыг судалгаанд оролцогчдын 44.3% нь л дэмжсэн бол 50.5% нь эсрэг санал өгсөн байна. Куиннипиак их сургуулиас энэ сарын 3-7 хооронд явуулсан, 1407 хүн оролцсон судалгаанд оролцогчдын ердөө 22% нь Трампын тарифын бодлого АНУ-ын эдийн засагт эерэг үр дүн авчирна гэдэгт итгэж байгаа гэж хариулсан бол 72% нь дотоодын эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж хариулжээ.

0/1000