horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ц.Аззаяа: Дэлбэрэлтээс болоод эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон биднийг хохирогч биш, иргэний нэхэмжлэгч болгосон нь доромжилж байгаа хэрэг

post-img

Дүнжингаравын уулзварт осол болоод жил гаруй хугацаа өнгөрөөд буй ч 207 дугаар байрны оршин суугчид түрээсийн байранд амьдарсаар бай гаа юм. Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр товлосон юм. 207 дугаар байрны оршин суугч Ц.Аззаяатай ярилцлаа.

-Дулааны улирал болж барилгын ажил эхэлж байна. Та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Одоогоор байрыг буулгах тендер зарлагдаж, тендерт оролцогчид гомдол гаргаад тендерийн шал гаруулалт явагдахгүй байгаа. Заавал маргааныг эцэслэж байж шийднэ гэсэн. Хоёр дахь удаагаа тендер зарлахад оролцогчид нь ялсан компанид гомдол гар гасан. Тэр нь ч шийдвэрлэгдээгүй байгаа. Хэзээнээс эхэлж нураах юм, бүү мэд.

-Танай байр болон эд хөрөнгийг хэрхэн үнэлсэн бэ?

-Манайх 207 дугаар байрны найман давхарт амьдардаг байсан. Байрны маань гурван талын пасад шатсан. Ханаараа залгаа урд талын хөрш айл маань 100 хувийн шаталттай ганц айл нь. Манайх руу гал ороогүй ч гадна талын бүх пасад шатаад, цонхнууд хагарсан.

Гал гарсны дараа гэрээсээ авч хэрэглэх тавилга бараг байгаагүй. Угаарын хий их байсан болохоор нүүрсний амбаар шиг л болсон байсан. Гэртээ хүүтэйгээ байсан болохоор тухайн үед өмсөж зүүх хувцас, талх тарианаас эхлээд бүх юмаа хаяад гарахаас өөр аргагүй байсан. Маргааш өглөө нь идэх хоол ч үгүй болж байгаа гэсэн үг. Дээрээс нь байрны гадаа байсан машин маань дэлбэрэлтэд өртөөд, шатсан. Тухайн үед хохирогчдын зүгээс мөнгө гаргахгүйгээр “Ашидбилгүүн” гэдэг компани үнэлгээ хийсэн. Бүх юм л хар утаан дотор байгаа шүү дээ. Гэтэл тэр юмнуудаа хэрэглэ гэж байгаа юм шиг үнэлгээ маш муу хийгдсэн. 5, 10 жил хэрэглэх юмыг маань бага үнэлж, зарим эд зүйлийг огт үнэлээгүй. Байрны үнэлгээг хүртэл маш муу үнэлсэн. Ер нь тэр компанийн үнэлгээтэй огт санал нийлэхгүй байгаа. Бүрэн бүтэн байсан амьдрал байхгүй болчихоор бүх зүйлийг л эхнээс нь эхэлж байна даа.

-Одоо түрээсийн байранд амьдарч байгаа юу?

-Осол болсноос хойш хоёр, гурван удаа түрээсийн байр луу нүүж явсаар одоо хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Түрээсийн хугацаа энэ тавдугаар сард дуусна. Сунгаж өгөх хүсэлтээ хотын захиргаанд өгсөн байгаа.

-Тухайн үед танайх байрны зээлээ төлж дуусаагүй байсан гэсэн. Энэ асуудлаа даатгалын компаниар шийдүүлж чадсан уу?

-Байраа ипотекийн зээлээр авч байсан. Зээлийг нь төлөөд дуусаагүй байсан юм. 2024 оны наймдугаар сар хүртэл зээлээ төлөөд, Монголын ипотекийн корпорацид “Бидний зээлийг ковидын үе шиг царцааж өгөөч. Бид ямар ч амьдралын тав тухгүй болчихлоо” гээд өргөдөл гаргасан. Тэр нь ч шийдвэрлэгдэх гэж явсаар хэдэн сар өнгөрч, удаж, удаж хариу өгөхдөө “2025 оны хоёрдугаар сарын 1 хүртэл түр зогсоож болно, гэхдээ хүү нь зогсохгүй” гэсэн. Байр маань шатчихаад хэцүү байдалд орсон байхад зээлийн хүү төлөх нь сэтгэл зүйн хувьд ч хүнд байсан. Энэ хооронд даатгалаар шийдүүлэх гэтэл даатгал олгогдохгүй гэсэн. О.Батхүү өмгөөлөгч бидэнд сайн дурын өмгөөлөл үзүүлсэн тулдаа даатгал нь хүчин төгөлдөр болоод, 12 айлаас 11 айл нь зуун хувь даатгалаа шийдүүлсэн. Ер нь ямар ч байгууллагын даатгалын үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байсан. Өмгөөлөгчгүй л бол иргэн өөрөө яваад юу ч авч чадахгүй юм билээ. Өмгөөлөгч авъя гэхээр өндөр үнэтэй байдаг.

-Хүн орон байртай байна гэдэг өөрөө эрх чөлөө. Энэ хугацаанд түрээсийн байранд амьдрахад сэтгэл зүйгээс эхлээд хүнд байна уу?

-Мэдээж сэтгэл зүйн хувьд маш хүнд байна. Эргээд босдог л байгаадаа гээд зовниж байна. Хөдөлмөрлөж авсан хөрөнгө минь юм шүү дээ. Хамгийн гол нь тухтай, зогсоолтой, хашаатай, цэцэрлэгт хүрээлэнтэй ойр гээд орчныг нь сонгоод авсан байр юм. Агаар сэлгэлт сайтай байранд амьдарч байсан хүн чинь хүний байранд байхаар тэрийг нь ч муухай болгочих вий, ингэчих вий гэсээр амьдарч байна. Одоо тавилга гээд байх юм ч ховор. Машингүй болчихоор нүүхэд хүртэл хэцүү. Таксидахаас эхлээд маш их зарлага гар сан. Тэрийгээ нотлох гэхээр ямар ч боломжгүй. Хуучин байрнаасаа аяга тавагнуудаа хоёр гурван дамжлагаар угааж, ариутгаж авсан. Тэгэхгүй бол бүх юмаа дахиад үнэлж авна гэдэг чинь хэцүү. Амьдралаа шинээр эхэлж байгаа юм шиг л байсан.

-“Дашваанжил газ” ХХК-иас ослын дараа хохирогчидтой эргэж холбогдоогүй гэсэн мэдээлэл яваад байсан. Ер нь эргэж холбогдсон уу?

-Бид олон хохирогч байгаа юм чинь гээд нэг жил хэртэй тэвчээртэй байсан. Энэ хугацаанд бид газын дэлбэрэлт гэж юу юм, стандартын зөрчил гэж юу вэ, аюулгүй ажиллагаагаа яаж хангах ёстой байдаг талаар судлаад явж байсан. Энэ бүхэнд тэвчээртэй хандаад байхад “Дашваанжил” ХХК-иас нэг ч удаа холбогдоогүй. Өнгөрсөн зун өмгөөлөгч нь гээд нэг эмэгтэй холбогдсон. Хүн чинь утсаар ярихдаа зорилгоо хэлээд, мэнд ус мэдээд, уучлалт хүсээд ярих ёстой байтал шууд “Танай байранд даатгалтай айл хэд байдаг вэ” гээд анхнаасаа хүмүүсийн дургүйг маш их хүргэсэн. Бид осолтой холбогдуулаад цагдаатай уулзахаар эдний компанийн буруу гээд хэлээд өгчихөж байгаа юм. Осол бол байнга гардаг. Гэхдээ газ гэдэг чинь машин ирээд мөргөх төдийд дэлбэрч асгардаггүй юм байна. Асгарсны дараахь аюулгүй ажиллагааг жолооч аваад, хүмүүст анхааруулах ёстой байдаг юм билээ. Тийм замаар ч явах ёсгүй, смен жолоочтой байх ёстой гээд бүх стандарт норм журам алдагдсан. Аюул осол гарсан үед онцгой байдал руу маш хурдан мэдэгдэх ёстой байтал тэр мэдээлэл дамжуулах журам нь алдагдсанаас болоод хамгийн харамсалтай нь онцгой байдлын гурван залуу амь насаа алдсан.

33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны газын компани байж яагаад аюулгүй ажиллагаагаа хангаад, үлгэр дуурайл болоод явдаггүй юм бэ. Олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироогоод, унаа тэрэггүй болгочихлоо. Ер нь энэ компани ХАБ-аа тогтоож ажиллуулж чаддаггүй юм билээ. НӨАТ-ын татвараас хүртэл чөлөөлөгдсөн компани байгаа юм. Ийм их бололцоог төрөөс хангаж өгч байгаа шалтгаан нь аюулгүй ажиллагаагаа хангаарай гээд л өгч байгаа хэрэг. Замаар явж байгаад ус нь асгардаг усны машин биш шүү дээ.

-Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох тухай мэдээлэл гарсан байна. Энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна?

-Маш том хүлээлт байгаа. Бидний талд сайнаар шийдэж өгөх байх гээд цагдаа, прокурор дээр явж байхдаа бид өмгөөлөгчгүй явсан. Бид анхнаасаа иргэний нэхэмжлэгч, хохирогч гэж явсан. Гэтэл шүүх рүү шилжих үед нь очиж уулзахад та нар иргэний нэхэмжлэгч гэсэн. Хамгийн гол нь тэрийгээ бидэнд урьд чилж мэдэгдээгүй. Уг нь заавал мэдэгдэх ёстой байдаг юм билээ. Иргэний нэхэмжлэгч гэж юу байдаг юм гээд таньдаг өмгөөлөгчөөсөө асуухад нэг л биш болоод явчихсан. “Дашваанжил” ХХК-ийн захирал М.Баатаржав гэдэг хүний ёс зүй, байгууллагын соёл, ХАБ-ын талаар гээд өчнөөн юм яримаар байна. Хариуцлага нэхмээр байна. Иргэний нэхэмжлэгч болвол хамаагүй юм ярьж болдоггүй гэсэн. Зөвхөн баримтаа гаргаж ирээд ярь гэдэг юм билээ.

Түүнээс өөр юм сонсох ч үгүй. Тэгээд бид өмгөөлөгч хайж байгаад М.Хандармаа өмгөөлөгчийг олж уулзаад, таван зүйлээр хүсэлт гаргасан. Нэгдүгээрт, биднийг хохирогч болгох хүсэлт, дараа нь, “Дашваанжил” ХХК-ийг яллагдагчаар татах хүсэлт, эд хөрөнгө орон байрны үнэлгээг зөв хийх, энэхүү осолд хэн нь буруутай вэ гэдгийг хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнээд байгаа, үүниыг ард олондоо баримт нотолгоотой, нээлт тэй бол гоод явуулаач гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Монголд луйврын хэргээс болж хохирсон хүн маш их байдаг юм билээ. Тэр хүмүүсийг хохирогч гэсэн байна лээ. Гэтэл бид дэлбэрэл тээс гарч ирээд, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байхад хохирогч биш, иргэний нэхэмжлэгч болгосон нь доромжилж байгаа хэрэг. Үүний шалтгааныг прокурор дээр ямар нэгэн хуйвалдаан гарсан гэж ойлгож байгаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000