horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Харвардын их сургууль Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргав

post-img

Харвардын их сургууль олон тэрбум ам.долларын санг нь царцаасан Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Трампын засаг захиргааны зүгээс Харвардын их сургуульд үйл ажиллагаа, бодлого журмын өөрчлөлт хийх дарамт шахалт үзүүлж, улмаар тус сургуулийн 2.2 тэрбум ам.долларын холбооны санг царцааж, олон улсаас оюутан элсүүлэхийг зогсоож, татвараас чөлөөлөх статусыг нь цуцална хэмээн сүрдүүлээд байгаа юм.

Тэгвэл Харвардын их сургуулийн зүгээс даваа гарагт Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Тус их сургуулийн ерөнхийлөгч Алан М.Гарбер мөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ их сургуулийн санг царцааснаар хүүхдийн хорт хавдар, Альцгеймер болон Паркинсоны өвчний үнэлж баршгүй судалгаануудад хүндээр тусаж, зогсох эрсдэл тулгараад байгааг онцолжээ.

Тэрээр сургуулийн академик шийдвэр гаргах түвшинд хяналтаа тогтоохыг оролдож буй засгийн газрын эсрэг шүүхэд гомдол гаргаж буйгаа тодотгож, засгийн газрын тус их сургуульд халдаж буй энэ үйлдлийн үр дагавар нь маш хүнд, мөн урт хугацаанд үргэлжлэх болно гэжээ.

Харвардын их сургуулийн зүгээс “Харвард болон бусад хувийн их сургуулиуд холбооны засгийн газрын мэдэлд автахыг хүлээн зөвшөөрөхгүй, Харвардын их сургууль засгийн газрын тулгасан нөхцөлийг зарчмын хувьд хүлээж авахгүй” хэмээн энэ сарын 14-ний өдөр мэдэгдсэн билээ. Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Алан М.Гарбер тус сургуульд еврей нарын эсрэг асуудал гарсныг үгүйсгээгүй ч тэрээр асуудлыг зохицуулж шийдвэрлэх хоёр ч тусгай багийг ажиллуулж эхэлсэн бөгөөд сургууль дээрх антисемитизм (еврейчүүдийн эсрэг үзэл) болон антимуслим (муслим шашинтнуудын эсрэг үзэл) үзлийн талаарх судалгааг явуулсан хоёр тусгай багийн тайлан мэдээллийг удахгүй гарган танилцуулна гэдгээ мэдэгджээ.

Харвардын их сургуулийн төгсөгч, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама үүсээд буй энэ асуудал дээр их сургуулийн талд зогсч, дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.

Харин даваа гарагт шүүхэд гомдол гаргасан асуудлаар Цагаан ордноос тайлбар хийхээс татгалзсан байна. Трампын засаг захиргаа Харвардын их сургуулиас гадна өмнө нь мөн Корнелл, Браун, Колумбын их сургуулиудыг онилж, тус сургуулиудын төрийн санг царцаан, дарамт шахалт үзүүлжээ.

0/1000