horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Т.Мөнхсайхан: Согтуугаар машин жолоодоод, осолдсон хүний эмчилгээг ЭМДС-гаас даасаар байвал зам, тээврийн осол, гэмтэл буурахгүй

post-img

Зам, тээврийн осол, гэмтлийн тухай асуудлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ зөвлөл байгуулагдаад 6 дахь жилтэйгээ золгож байгаа боловч зам, тээврийн ослыг бууруулах бодлого шийдвэрт хараахан нөлөөлж чадаагүй хэмээн шүүмжлүүлж байна. Тэгвэл энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Ослоос үүдэж, амиа алдах хүн цөөрөхгүй байна. Та Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд багтдагийн хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хүнийг нас барахад хүргэж буй осол, гэмтлийн гуравдугаарт зам, тээврийн осол орж байна. Иймээс зам, тээврийн осол гаргахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах вэ, гарсан тохиолдолд анхны болон яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхдээ бодитой арга хэмжээ авмаар байгаа юм. Миний хувьд 2017 онд ГССҮТ-ийн захирал байхаасаа энэ асуудалд анхаарал хандуулж ирсэн учраас энэ зөвлөлийг байгуулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн.

-Зам, тээврийн ослоос болж нас барах, гэмтэж бэртэх хүн жил бүр нэмэгдсээр байна. Энэ нь эмнэлгүүдийн ачааллыг ч эрс нэмж байгаа. Та салбар тэргүүлж яваа хүний хувьд, мөн үндэсний зөвлөлийн гишүүний хувьд осол гэмтлийг бууруулах ямар гарц гаргалгаа байна гэж харж байна вэ?

-Зам, тээврийн ослоос болж нас барж байгаа 540 орчим хүний 70 орчим хувь нь хөдөө байна. Мөн дийлэнх хувь нь тодорхой цэгүүдэд болдог. Үүнийг бид хар цэг гэж нэрлэдэг. Хар цэгт бодлогын ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй. Осол, гэмтлийн шалтгааныг аваад үзвэл дийлэнх нь хувь хүн, авто тээврийн хэрэгслээс болсон байдаг ч тухайн зам стандартын шаардлага хангаагүй нь ч мөн нөлөөлж байна. Иймээс осол гараад байгаа энэ цэгүүдээ цэгцлэх шаардлагатай.

2024 онд гэхэд 69 хүүхэд зам, тээврийн ослоос болж нас барсан. Үүний дийлэнх нь сургуулийн орчимд болсон ослоос үүдэлтэй байна. Иймээс ЗГ сургууль орчмын эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль санаачлаад өргөн барихаар бэлдэж байна.

Хариуцлага тооцдог системээ боловсронгуй болгохгүй бол энэ байдал үргэлжилнэ гэдгийг бид анхаарах ёстой. Хувь хүнээс шалтгаалсан буюу согтууруулах ундаа хэрэглэчхээд, зам тээврийн осолд орвол тэр хүнийг ЭМДС-гаас үнэ төлбөргүй эмчилж байна. Авто тээврийн бүрэн бус байдлаас шалтгаалж, осол гарсан үед мөн л эмчилгээг ЭМДС-аас үнэ төлбөргүй хийж байна.

Гэтэл авто тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хэн хангах ёстой вэ. Энд хариуцлага тооцож байгаа зүйл алга. Зам, тээврийн стандартаас болж үүсэж байгаа осолд хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас энэ нөхцөл үргэлжилсээр байна. Жилдээ 100-гаар нас баралт нэмэгдэж байна. Үүнийг бууруулахын төлөө бодлогын түвшинд ажиллах нь үндэсний зөвлөлийн үүрэг гэж бодож байгаа.

-Зам, тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд шийдэх шаардлагатай ажил юу байна вэ?

-Осол, гэмтлийн тусламж, үйлчилгээг бид эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээ, эмнэлэг дээрх тусламж үйлчилгээ гэж ангилдаг. Эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломжтой хүмүүс бол жолооч нар. Тиймээс бид жолооны курсүүдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, зааварчилгаа өгдөг болох хэрэгтэй. Яаралтай тусламжийнхаа тогтолцоог Монгол Улс сайжруулахгүй бол машин хүрэхэд маш их хугацаа алддаг газарт Улаанбаатараас нисдэг тэрэг явуулах болдог. Үүнээс болж цаг их алддаг. Цаашид орон нутагт осол, гэмтлийн үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах ёстой. 2017 оноос Хөвсгөл, Өвөрхангай аймагт осол, гэмтлийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд Баянхонгор аймагт энэ төслийг хэрэгжүүллээ.

0/1000