Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо сонслоо. Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийж, ЭМДС-гийн үйл ажиллагааны тухай мэдээлэв. Энэ үеэр Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбарт явагдаад байгаа хууль бус худалдан авалттай холбоотой асуудлыг сөхсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Гуйлгаж гуйлгаж арай гэж тогтоолын тайлан орж ирлээ. Их удаж орж ирлээ. Хуулийг нь батлаад өгчихсөн. 2024 оны 10-р сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн хууль шүү дээ. Түр хороог би өөрөө ахалж ажилласан. Түр хороон дээр энд сууж байгаа Намхайноров гээд залуу байсан. Түр хороон дээр ашиг сонирхлын зөрчилтэй, эмийн агентлагт ажилладаг “Монгол фарм” гээд эмийн компанийн үүсгэн байгуулагч нь байна аа гээд нэрийг нь дурдаад явуулж байхад, буцаагаад ЭМЯ-ны эмийн бодлого хариуцсан хүн болгоод тавьчихсан байна. УИХ-аас гаргаж байгаа тогтоол шийдвэрийг хүндлэхгүй байгаа юм уу? Яаж байгаа юм бэ?
Хоёрдугаарт, хэрэгжүүлэх 12 ажлыг чинь бичээд өгчихсөн байгаа. Хулгай хийх боломжуудыг хуулиар хаагаад өгчихсөн байгаа. Хамгийн чухал зүйл бол бөөний төвүүд оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ гааль дээр жижиглэнгийн үнээ тавих, тэрийг нь эмийн сангууд QR код уншаад оруулдаг болгох тогтолцоо маш чухал. Ингэж байж эмийн үнийн өсөлтийг буулгаж чадна. Төрийн хяналт гэдэг иргэдийн хяналт шүү дээ. Бид шууд “Үнээ буулга” гэж хэлж чадахгүй. Энэ ажил яагаад удаад байна.
Гурав дахь асуудал бол итгэлцэл. Т.Мөнхсайхан сайд аа! Таныг эмийн компаниудтай уулз гээгүй шүү дээ. Хамаарал бүхий компаниудтайгаа л уулз гэж байна. Энэ ажлаа яасан бэ? Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2-3 компаниас эмийг нь ав гэдэг бичиг явуулаад байдаг юм бэ? Намхайноров гуай! Та яагаад тийм бичиг явуулаад байдаг юм бэ? Олон улсын тендер гэж байдаггүй юм уу? Тэгээд л дураараа 1 компаниас очоод л шууд худалдаад авах юм байна л даа. “Түшин-Энэрэл” ХХК хөлдүү “Пантаген” оруулж ирээд гэсгээгээд, буцаагаад тэнцүүлсэн шүү дээ. Хөлдүү дуслын шингэнийг гэсгээгээд буцааж тэнцүүлсэн асуудал. Тэр компанитай ямар хариуцлага тооцсон юм бэ? Эмийн агентлагаас үүнд хариулт авъя.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Эмийн салбар тэр чигтээ хувийн хэвшил. Чадалтай, чадвартай боловсон хүчнүүд нь дийлэнх нь хувийн хэвшилд ажиллаж байсан байдаг. Та өөрөө мэдэж байгаа. Одоо ч асуудал үүссээр л байна. Эм, эмнэлгийн агентлагт 1 чадалтай, чадварлаг хүн авчихъя гэхээр дандаа л хувийн хэвшилд ажиллаж байсан байдаг. Байнгын ажлын байранд хүмүүс солигдож байдаг. Боловсон хүчин тогтворгүй учраас бодлого, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тун хүндрэлтэй. Тийм учраас бид чадалтай, чадварлаг боловсрон хүчнүүдээ хууль ёсоор нь аваад л явж байгаа.
Гэхдээ ЭМЯ-д хүн авч томилох, чөлөөлөх асуудал Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрх. Тэр цахимжилтын асуудал дээр би сайд болсон цагаасаа хойш буюу 2024 оны 7-р сараас хойш ажиллаж байна. Цахим бүртгэлийг бид сууриар нь сайжруулахгүй бол цаг зуурын бүртгэл, мэдээлэл бол нэмэргүй. Суурь шинэчлэл хийх ажилд багадаа бүтэн жил зарцуулагдаж байна.
Бид харин ч хурдан ажиллаж байгаа гэж бодож байгаа. Ирэх 5-р сараас цахимаар хяналт тавих бололцоо бүрдэх байх. Үнэ, чанарт цахимаар хяналт тавих ажил удахгүй эхэлнэ.
Миний хувьд Солонгос улсад очиж, эмийн үйлдвэрүүдтэй гэрээ контракт хийгээгүй шүү дээ. БНСУ-д байгаа Монголын Элчин сайдын яамаар дамжуулж, эм үйлдвэрлэгч 20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзалт хийсэн. Тэр уулзалтад юу танилцуулсан бэ гэхээр “Манай улс эм ханган нийлүүлэх процесстоо өөрчлөлт оруулж байна. 1 эх үүсвэрээс худалдан авалтыг шууд үйлдвэрлэгчтэй нь хийх боломж бүрдсэн. Та бүхэн бидэнтэй хамтран ажиллаарай. Чанартай эм нийлүүлэхэд хамтарч ажиллаарай” гэж хүссэн. Харин энэ уулзалтаас хойш Солонгосын эмийн үйлдвэрүүд манайхыг тоодог болоод байгаа. Тоодог болоод ирэхээр нь бид ийм ийм эмийг ийм үнээр авмаар байна гэдэг санал тавьж, хэлцэл хийж эхэлсэн. Үүнд ямар 1 хуулийн зөрчил үүсээгүй гэж бодож байна.
Эм борлуулах асуудал тэр чигтээ хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг учраас эм борлуулах асуудалд тендер зарласан. Ингээд чанартай эмүүд улс даяар ижил үнээр борлуулагдаж эхлээд, үр дүнгээ өгөөд эхэлчхээд байгаа шүү дээ. Чихрийн шижингийн сар уух эмэнд 60 мянган төгрөг зарцуулдаг байсан бол өнөөдөр 6600 төгрөг болсон. Цус шингэлэх эм өмнө нь сар уух нь 70-80 мянган төгрөг болдог байсан бол одоо 7000-8000 төгрөгөөр авч байна. Бодитой үр дүн гарсан. 2025 оны төгсгөлд бүх эмэнд энэ бодлогыг баримтална.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Эрдэнэбаяр:
-“Пантаген”-тай холбоотой асуудалд хариулъя. “Түвшин-Энэрэл” компани одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хуулийн байгууллага ажиллаж байгаа. Одоогоор ямар арга хэмжээ, хариуцлага яригдаж байгаа нь тодорхой биш байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-ЭМЯ эмийн монопол худалдаатай тэмцэхээр зохицуулалт хийж өгсөн. Тиймээс олон улсын тендер зарлаж, шууд худалдан авалт хийх асуудлаа агентлаг хийх учиртай. Үүнд битгий олон юм яриад байгаарай, Т.Мөнхсайхан сайд аа! Би хүнсний аюулгүй байдал, эмийн аюулгүй байдлын лабораторийн үйл ажиллагаа цуг явагдах ёстой, нэгдэх ёстой гэдэг үүрэг өгчихсөн байгаа. А.Ариунзаяа гишүүний хэлээд байгаачлан лабораторийн чанарыг шалгадаг лаборатори нь 1 байвал Монгол Улсад зардал багатай, үрэлгэн биш тогтолцоо үүснэ. Төсвийг нь ердөө 220 саяар баталсан. Гэтэл 1.2 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа шүү дээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-1.2 тэрбум чинь шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал ороод, багтсан дүн. Урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа. Шинэ лаборатори 11-р сард ашиглалтад орчих байх. Энэ лабораторид олон улсад хийдэг бүх шинжилгээг хийнэ. Дээрх лабораторид ДЭМБ-аас зөвлөх ирж, бүтэн жил үйл ажиллагааг нь тогтворжтол ажиллах юм. Ирэх сараас лабораторийн ажилтнуудаа сургалтад хамруулж эхэлнэ. Харин бүтэц орон тоо нэмэгдэж таарах байх.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Өмнөх парламент эмийн чанарыг сайжруулахаар их сайн тогтолцоо бүрдүүлсэн. Эмийн чанар 1 дүгээрт, үнэ 2 дугаарт. Агентлаг үнийн тендер зарлаад л, хувийн хэвшил оруулж ирэх ёстой шүү дээ. Итгэлцлийн дадал гэдгийг сайд сайн ойлгох хэрэгтэй байна. ЭМЯ, эмийн агентлаг оруулж ирэх эмийн жагсаалтыг Монголд бүртгэсэн мэтээр зөвшөөрүүлж хялбарчлаад, ганц оруулж ирсэн эм нь монополдоод байдаг тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй байна.
Үдээс хойш хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал цаг гаруй үргэлжилсэн юм.
2025-04-22 22:39:01
Чинбүрэн нь ЭМ.ийн сайддаа дургүй бололтой болж байгааг нь ч болохгүй, болохгүй байгааг нь болохгүй байгаа болгож яриад байх юм. Ер нь энэ салбарт огт болж байгаа юм байхгүй мэт харагдуулдаг бололтой. Өөрөө сайд болчих гээд горьдсон царайтай л харагдаад байгаа юм даа. Цагтаа ч бас Чинбүрэн гэдэг хүн нь сайд болбол бүүр ч аймаар самарч суухыг хэн мэдлээ гэж… Бас л вээгүй хүн ш дээ гэж…
2025-04-22 22:31:56
ЗӨВ ШҮҮ
МОНГОЛЫН НАХИА ХХК НЫ АНТИБИОТЕК ХАТГАА Ч ЭДЭЭХГҮЙ АРД ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЫГАА
МӨНХСАЙХАН САЙД БОЛОНГУУТ ЭНЭ НАХИА ХХК ГИЙН ХОГ НОВШ ШИГ АНТИБИОТЕКООР АРД ИРГЭДЭЭ ДАХИН ХУУРЧ ДЭМИЙ ХАТГАЛТ ХИЙЛГЭЖ ЭХЭЛЛЭЭ
БИ ЭНЭ ТАРИАГ ХАТГАА АВААД
4 ЖИЛИЙН ӨМНӨ ТАРИУЛЖ БАЙСАН БҮР ХҮНДРЭЭД СОЛОНГОСЫН ВАНТОКСИН ХИЙЛГЭЖ БАЙЖ ЭДГЭРСЭН ШҮҮ