Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлттэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж өндөрлөлөө.
Шүүхээс “Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй байрыг улсын комисс хүлээж авсан гэх ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт бичсэн. Зарим иргэний нэхэмжлэхийг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй учир дахин шинжээч томилохоор шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаалаа.
Мөн газ тээвэрлэж явсан этгээд Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлын дүгнэлт авах шаардлагатай байдаг. Энэ дүгнэлт хэрэгт авагдаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай” гэж үзэж, эхний хэлэлцүүлгийг өндөрлүүллээ.
Урьдчилсан хэлэлцүүлгээр дэлбэрэлтэд өртөж хохирсон иргэдийн өмгөөлөгч “Хохирогчид гэр оронгүй, түрээсийн байр дамжаад жил боллоо. Энэ хүмүүст эд хөрөнгөөс гадна сэтгэл санааны хувьд маш их хохирол учирсан” гэх байр суурь илэрхийлсэн.
Харин тус хэрэгт яллагдагчаар татагдсан “Дашваанжил” компанийн жолооч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч” Энэ осолд гааз тээвэрлэж явсан Ч.Ренчиндорж буруугүй. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон. Том оврын машин давуу эрхтэй. “Ниссан Патрол” машин зам тавьж өгөх ёстой. Хоёр жолооч шалгагдаж байгаад нэг нь яагаад байхгүй болчхов. Э.Мөнхнаран хаана байна вэ гэдгийг бүрэн гүйцэд тогтоох ёстой. Осол гарах үед Э.Мөнхнаран албаны машинаар ямар ажил хийж явсан нь тодорхойгүй” хэмээсэн юм.