horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Израил-Хамасын хооронд гал зогсоох шинэ тохиролцоо санал болгожээ

post-img

Израил-Хамасын хооронд гал зогсоох асуудлаар явагдаж байгаа яриа хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээлснээр зуучлагч Катар, Египет улс Газын зурваст дайныг өндөрлүүлэхэд чиглэсэн цоо шинэ тохиролцоог санал болгосон гэжээ. Дээрх мэдээллийг яриа хэлэлцээнд ойр Палестины өндөр дээд албан тушаалтан BBC агентлагт өгсөн байна.

Түүний мэдээлснээр энэхүү шинэ тохиролцоогоор 5-7 жил гал зогсоох юм. Энэ хооронд Израилын бүх барьцааны иргэдийг суллан, хариуд нь Израилын шоронд хоригдож байгаа палестинчуудыг чөлөөлж, дайныг албан ёсоор зогсоон, Израилын цэргүүдийг Газын зурвасаас бүрмөсөн гаргах тухай зүйл заалтууд уг тохиролцоонд багтсан гэжээ.

Энэхүү шинэ гэрээ, хэлэлцээрийн асуудлаар зөвлөлдөхөөр Хамасын баг төлөөлөгчид Египетийн Каир хотноо хүрэлцэн ирээд байгаа гэнэ. Хамасын төлөөлөгчдийн багийг тус бүлэглэлийн улс төрийн зөвлөлийн тэргүүн Мохаммед Дарвиш, ахлах дипломатч Халил аль-Хайяа нар тэргүүлж байгаа юм байна. Харин зуучлагчдын санал болгоод буй энэхүү шинэ тохиролцооны талаар Израилын талаас одоогийн байдлаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

6 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн хамгийн сүүлийн гал зогсоох тохиролцоо одоогоос сарын өмнө Израилын тал Газын зурваст агаарын цохилт үзүүлсний дараагаар бүтэлгүйтсэн юм. Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгаж, барьцаанд байгаа бүх иргэдээ эргүүлж авчрахаас нааш энэ дайныг зогсоохгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна. 

0/1000