АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсет батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын нууц мэдээллийг гар утасны аппликейшнээр дамжуулан эхнэртэйгээ хуваалцсан гэх түүний талаар хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийг няцаасан байна.
New York Times сонин ням гарагийн дугаартаа Пит Хэгсетийг Йемен улсад явуулсан Америкийн цэргийн тусгай ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн эхнэр болон дүү нар нь байдаг групп чатад хуваалцсан тухай мэдээлсэн юм.
Тэгвэл Пит Хэгсет даваа гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ дээрх мэдээллийг үгүйсгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “нэрээ нууцалсан хүмүүсээс мэдээллийн эх сурвалж авсан нэрээр бусдын нэр хүндийг унагахын тулд элдвээр бичдэг, иймэрхүү хуучирсан мэдээллүүд одоо ямар ч шаардлага байхгүй” хэмээн хэлсэн байна.
Гэхдээ тэрээр түүнийг хувийн групп чатад улсын нууц мэдээллийг хуваалцсан гэх асуудлын талаар ямар нэгэн тодорхой тайлбар хийгээгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн батлан хамгаалахын сайдын албан тушаалд өөрийн сонгон томилсон хүнээ өмгөөлсөн мэдэгдэл хийжээ. Тэрээр хэвлэлүүд өнөөх л хуучирсан аргаараа дайрах оролдлого хийж байна гээд Пит Хэгсетийг үүрэгт ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа хэмээн магтан сайшаасан байна.
Энэ үеэр мөн Цагаан ордон Пит Хэгсетийн халааг авах дараагийн батлан хамгаалахын сайдыг хайгаад эхэлсэн талаарх мэдээллийг Америкийн National Public Radio хэмээх радио даваа гарагт албаны эх сурвалжийг эш татан мэдээлсэн байна.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт дээрх мэдээллийг үгүйсгэж, тус радиогийн дамжуулсан мэдээг “тэр чигтээ ХУДАЛ МЭДЭЭ” хэмээн нийгмийн сүлжээнд тавьсан нийтлэлдээ бичсэн байна.