horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

NVIDIA компани хиймэл оюуны суперкомпьютерыг анх удаа АНУ-д үйлдвэрлэнэ

post-img

NVIDIA компани хиймэл оюуны технологид суурилсан суперкомпьютеруудыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх томоохон зорилтыг тавьж, энэ хүрээнд компьютерын үйлдвэрүүдийн барилгын зураг төсөл болон барилгын ажлыг эхлүүлэхээр түнш компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

NVIDIA компани бусад түнш байгууллагуудын хамтаар Аризона мужид Blackwell хэмээх бичил чипийн үйлдвэр байгуулах бол Техас мужид суперкомпьютерын үйлдвэр байгуулахаар төлөвлөж, үүндээ 93 км хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг эзэмшихээр болсон байна.

Аризона мужийн Феникс хот дахь TSMC компанийн үйлдвэрт NVIDIA-гийн Blackwell чипийг хэдийнээ үйлдвэрлэж эхлээд байгаа бол Техас мужийн Хьюстон хотноо Foxconn компанитай, Даллас хотноо Wistron компанитай хамтран хиймэл оюуны суперкомпьютерын үйлдвэр байгуулахаар болоод байгаа бөгөөд эдгээр хоёр үйлдвэр ойрын 12-15 сарын дараа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх төлөвтэй байгаа гэнэ.

Түүнчлэн хиймэл оюуны бичил чип болон суперкомпьютеруудын нийлүүлэлтийн гинжин хэлхээ тун ярвигтай байдаг ба нэн шинэ үеийн үйлдвэрлэлийн, туршилтын, угсралтын мөн сав баглаа боодлын технологи шаардагддаг тул NVIDIA компани энэ тал дээр Amkor болон SPIL компаниудтай хамтран ажиллахаар болжээ.

Ойрын 4 жилийн хугацаанд NVIDIA компани дээр дурьдсан түнш компаниудтай хамтран хагас их наяд ам.долларын өртөг бүхий хиймэл оюун ухааны технологийн дэд бүтцийг АНУ-д үйлдвэрлэхээр төлөвлөөд байна. “Дэлхийд тэргүүлэгч хиймэл оюуны ухааны дэд бүтцийг АНУ-д анх удаа бүтээн байгуулах гэж байна” хэмээн NVIDIA компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуанг онцолсон байна.  

Олон арван гигаваттын хүчин чадал бүхий хиймэл оюун ухааны технологийн үйлдвэрүүд ийнхүү АНУ-д баригдсанаар олон зуун мянган шинэ ажлын байрыг бий болгож, ойрын арван жилийн хугацаанд олон их наяд ам.доллараар хэмжигдэх зах зээлийг үүсгэж, дотоодын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах болно гэдгээ мөн тус компани тодотголоо.

0/1000