Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийхээр бэлтгэж, 2025 оны 3-р сарын 8-нд анхны мэс заслаа амжилттай хийлээ. Уг мэс заслыг УХТЭ-ийн эмч нар Солонгосын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр хийжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гаран, дараагийн хяналтанд шилжжээ. Донорын элгийг дурангийн мэс заслын аргаар авч, шилжүүлэн суулгасан аж. Энэ аргыг Монгол Улсад 3 дахь удаагаа хэрэглэсэн нь энэ юм. Энэ нь эрхтнээ бэлэглэж буй донорт зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байна гэдгийг албаныхан хэлэв.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ хийж эхэлснээр Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах өвчтний хүлээгдэл багасаж, гадаад руу зорих урсгалыг төдий чинээгээр бууруулж, эх орондоо дэлхийн чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байгаа юм.
Цаашид УХТЭ-т бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж байна.