Монгол Улсын Их хурлын гишүүн Даваасамбуугийн Ганмаатай ярилцлаа.
—————————————————————————
-Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдож орж ирэхээсээ өмнө та хаана, ямар алба хашиж байв?
-АНУ-ын Харвардын их сургуульд үндсэн багшаар (faculty) сүүлийн 20 гаруй жил ажилласан. Харвард 14 их сургуультай. Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургууль, Бостон хотын Brigham болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллаж байгаад ирсэн.
-Харвардад ажилладаг монгол судлаач Д.Ганмаа гэдэг нэрээр та нийгэмд нэлээд танигдсан гэж бодож байна. Сонирхуулахад, судалгааны ямар ажлууд хийсэн бэ?
-Харвардад ажилласан энэ 20 жилд Харвард, Монголын хамтарсан судалгааны байгууллага Монголдоо нээж, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд чиглэлийн олон улсын хэмжээний судалгаанууд хийсэн. Тухайлбал, “Үдийн цай” хөтөлбөрийн судалгаа, 2018 онд батлагдсан Баяжуулсан хүнсний тухай хуулийн суурь судалгааг манай баг хамт олон хийж гүйцэтгэсэн. Сүрьеэ өвчний далд хэлбэрийн цусны шинжилгээг Монгол Улсад анх нэвтрүүлж, Д амин дэмийн гадаад, дотоод чанарын хяналт бүхий, Aнгли болон Aвстрали улсын баталгаажуулсан лаборaтoрийг ажиллуулж, хүнс, шим тэжээлийн мэдээллийн сан, хот суурин болон хөдөө орон нутгийн ард иргэдийн гэдэсний микрофлорын бүтэц, найрлага бүхий мэдээллийн санг Mонголдоо бий болгосон. Энэ бүхэн олон улсын болон Монголын эрдэмтэн судлаачид, багш нар гар бие оролцож бүтээсэн ажлууд. Энэ салбартаа 100 гаруй залуусыг сургаж бэлтгэсэн байна. Үүгээрээ би бахархдаг.
-УИХ-ын гишүүнээр сонгогдоод ээлжит бус чуулганы хуралдаануудад огт суугаагүй гэдэг яриа гарч байсан, яагаад?
-Энэ парламент бүрдээд, ээлжит бус чуулган нэг л удаа 14 хоног хуралдсан. Тэр үеэр АНУ-д томилолтоор ажилласан. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-ын хэрэгжилт, хэрэгжилтийн үр дүнг бодитойгоор тооцох, шалгуур үзүүлэлтүүдийн уялдааг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд томилолтоор ажиллаж, хэрэгжүүлж болох хэд хэдэн санал, хөтөлбөрийг танилцуулсан. Энэ томилолттой ээлжит бус чуулган таарсан учир хэвлэлээр “Чуулгандаа нэг ч суудаггүй” гэж “цоллуулсан”. Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газраас албан мэдээлэл гаргасан ч хүртээмжийн хувьд олон нийтэд сайн хүрээгүй юу, Өмнөговь аймагт иргэд уулзалтын дараа намайг хүлээж байгаад уулзаад, “Та нутаг усныхаа нэрийг бодохгүй, хурлаа тасаллаа” гээд загнуулсан.
-Өнгөрсөн намрын чуулганаар ямар ажлууд амжуулав?
-Нэгдүгээрт, би эрүүл мэндийн салбарын хүн учир салбартаа анхаарч, энэ салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хичээж байна. Нийгмийн суурь салбарын хувьд шийдэх маш олон асуудал байдаг. Тиймээс ч УИХ-ын даргын 98 дугаар захирамжаар байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайж руулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж, эрүүл мэндийн шат шатны 20 гаруй байгууллагад биечлэн очиж, нөхцөл байдлыг орчинд нь үзэж, танилцax, зохион байгуулах ажлыг хийлээ. Төсөв санхүү, хүний нөөцийн хувьд гээд шийдэх асуудал их бий. Тогтолцооны өөрчлөлт хийх цаг нь болсон, тогтолцооны хувьд шинэ бодлого, үр дүн хэрэгтэй гэж хардаг. Эмнэлгийн тусламжийн хуулиндаа хүн төвтэй, иргэнд ээлтэй шалгуурыг заавал оруулж, эрүүл мэндийн чанарыг нөхцөлдүүлдэг хүчин зүйлс (агаар, орчин, ногоон байгууламж, хувь хүний зан үйл гэх мэт)-ийг цогцоор нь харж, хэрэгцээг үнэлэх нь зайлшгүй тулгамдсан асуудал болсон. Эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үнэлснээр хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг тогтолцооны хүрээнд цогцоор нь, системтэйгээр авч үзэх хэрэгтэй.
Эрүүл мэндийг дэмжих, сайжруулах шинжлэх ухаанд суурилсан төлөв лөлтийн үйл явц хүн амаа судлахаас эхэлдэг. Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдын эцсийн зорилго нь хүн амын эрүүл, сайн сайхан байдал, тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй хүргэх, хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилах замаар илүү сайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явдал учир үүнийг л шийдвэрлэх нь номер нэг асуудал байх учиртай.
Хоёрдугаарт, өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 2025 оны улсын төсвийн төслийн ажлын хэсэгт ажилласан. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 төсвийн төсөл дээр мөн ажилласан. Би хувьдаа төсвийн сахилга бат, оновчтой зарцуулалт дээр анхаарал хандуулдаг. Өндөр төсөвтэй байсан ч үр дүн гардаггүй маш олон жишээ байна. Үүнд дуу хоолойгоо гаргах, шийдвэр гаргахад оролцож ажиллахыг эрмэлзэж байна даа.
-Энэ хаврын ээлжит чуулганаар та ямар ажлуудад төвлөрч байна вэ?
-Улсын Их хурлын гишүүний үүргийн дагуу оролцох ёстой бүх ажлуудад бүрэн оролцоно. Мэдээж хүн амын эрүүл мэндэд хамаатай асуудлуудад илүү анхаарал төвлөрүүлнэ. Үүнээс гадна манай улсад эрүүл мэндийн тогтолцоо гэдэг ойлголтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг үнэлж шаардлагатай үйл ажиллагааг тодор хойлохыг зорино.
Үүнийг Эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлдэг бүх байгууллага, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой хамтарч хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн тогтолцоонooc гадна эмч сургаж бэлдэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, чанартай эмээр тасралтгүй хангах, эмнэлгийг санхүүжүүлэх, даатгалын ач тусыг нийт олонд мэдрүүлэх ямар ч боломжгүй ийм цаг үетэй бид аль хэдийнэ тулчихаад байгааг бүх түвшиндээ ярьж, ойлголцож нэг зорилгын дор хамтарч ажиллах тухай асуудал юм. Энэ бол эхлэл. Үүний дараа хийх ажлууд тухайлбал, шаардлагатай хуулийн өөрчлөлт, зохи цуулалт хийх зэрэг асуудлууд улам тодорхой болно гэж бодож байна.
Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш нийтдээ 14 ажлын хэсэгт ажиллаж байна. Үүнд: Стандартын орчин, Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээ, Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, Дотоод орчны бохирдлыг бууруулах, Нийгмийн халамжийн тухай, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудал, Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг зэрэг чиглэлүүдээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгүүдэд ажилладаг.
Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, хүнс, шим тэжээл, хүүхдийн боловсрол зэрэг нийгмийн салбарын асуудлууд болон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах Үндэсний хороо ны дэд даргын ажилдаа илүү төвлөрч ажиллана. Мөн Засгийн газартай зөвшилцсөнөөр байгуулагд сан бодлогын зөвлөл гээд чуулганы хугацаанд ажил ихтэй байна.
-Энэ хуулийг илүү сайн боловсронгуй болгочих юмсан, ийм өөрчлөлт хийчих юмсан гэж зорьсон зүйл байна уу, хууль тогтоогчийн хувьд?
-Эрүүл мэндийн салбарын хүний хувьд хүн амын эрүүл мэндэд хамаатай асуудлуудад илүү төвлөрнө. Эрүүл мэндийн салбарт бодлогын өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай гэж үздэгээ түрүүн хэлсэн. Тиймээс энэ чиглэлээр холбогдох хууль, тогтоомжуудыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг юутай ч барьж авсан. Үүнийгээ цаашдаа ажил хэрэг болгоно гэж бодож байна. Энэ ганцхан хүнээс шалтгаалдаг ажил биш. Тиймээс эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлдэг бүх байгууллага, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой хамтарч хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, эмч сургаж бэлтгэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, чанартай эмээр тасралтгүй хангах, эмнэлгийг санхүүжүүлэх, даатгалын ач тусыг нийт олонд мэдрүүлэх ажлыг бүх түвшиндээ ярьж, ойлголцож, нэг зорилгын дор хамтарч ажиллах тухай асуудал юм. Үүний дараа ямар хуулинд ямар өөрчлөлт хийх вэ гэдэг нь улам тодорхой болно. Эрүүл мэндийн салбарын хүн төвтэй байх, хүний эрхийг хангах хамгийн эхний ажил чанартай тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэлгүй хүргэх. Энэ нөхцөлийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгохыг зорино.
-Манай улс цаашдаа ардчилал, хүний эрхийг улам баталгаажуулж, парламентын засаглалаа сайжруулахын тулд юун дээр анхаарвал зохистой гэж үздэг вэ?
-Ардчилсан тогтолцоогоо хадгалж, цаашид улам бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Бид өөрсдийн сонгож олж авсан ардчилсан тогтолцооноосоо хэрхэвч ухарч болохгүй. Парламентын засаглал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэж би үздэг. Парламентын засаглалыг сайжруулахад парламент буюу хууль тогтоох байгууллага өөрөө хуулиар олгосон эрх хэмжээ, чиг үүргээ баримталж, дагаж мөрддөг байх нь чухал нөлөөтэй. Нөгөө талаас бүхэлд нь биш юм аа гэхэд Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй УИХ-ын гишүүдийн тоог цөөн байлгах нь эрх мэдэл хоорондын тэнцэл, парламентын засаглалд үр нөлөөтэй. Тиймээс энэ талаарх хуулийн тодорхой хязгаарлалт бүхий зохицуулалтыг бий болгох, уг хуулиа олон дахин өөрчлөхгүй тогтвортой байлгахад парламентын гишүүд өөрсдөө анхаарах хэрэгтэй болов уу. Хэн нэг хүнд зориулж албан тушаал бий болгож, хуулиа өөрчлөөд байж болохгүй. Мөн энэ асуудал дээр улс төрийн намууд зарчмын хувьд нэгдэх хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхийн төлөө ажиллах нь парламентын гишүүд бидний үүрэг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, түүнийг хамгаалах үндсэн нэг гол нөхцөл нь эдийн засгийн өсөлт, амьжиргааны түвшин, цалин орлого. Үүнийг дагаад иргэдийн эрүүл мэндийн асуудал сайжрах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ олон улсын жишигт хүрэх, иргэд урт наслах боломж бүрдэнэ. Тиймээс улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болохуйц аливаа томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх т өсөл хөтөлбөрийг онцгойлон дэмжинэ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл