Нийтийн тээврийн автобусны жолооч А ажлаа хийж явахдаа огцом тоормослосны улмаас тус автобусанд зорчиж явсан Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирчээ. Зорчигч Ц энэ талаар гомдол гаргаж, хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан байна.
Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэжээ. Түүний ажилладаг нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12 сая 409 мянган төгрөг гаргуулан, хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнийг жолооч эсэргүүцэн, давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн аж. Тиймээс жолооч Улсын дээд шүүхэд ханджээ.Тус шүүх өмнөх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бол 12.6-д “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд жолооч огцом тоормослохыг хориглосон” байдаг.
Уг осол гарах үед зорчигчид автобуснаас бууж, цөөн зорчигч суужээ. Энэ үед жолооч хянах, зорчигчдод анхаарах, аюулгүй байдлыг нь хангах бүрэн боломжтой байсан гэж шүүх үзжээ. Халтиргаатай (гадаа цас орсноос шалтгаан автобус дотор шавартай, гулгаатай байсан) байгаагаас шалтгаалан зорчигчид унаж бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол, аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг болгоомжтой эхлүүлэх ёстой байсан гэнэ.
Гэтэл автобусанд орж ирсэн зорчигчдыг суудал эзлээгүй, бариулаас бариагүй байхад автобус хөдөлж, удалгүй огцом тоормослосон аж. Үүний улмаас зорчигч Ц арагш халтирч унан гэмтсэн байна. Үүнийг жолооч А автобусныхаа толинд харсан атлаа тоолгүй, автобусаа зогсоолгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ.
Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч тээвэрлэн, олон нийтэд үйлчилж буй үйлчилгээний ажилтан. Тиймээс үйлчилгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гэмтвэл туслах чиг үүрэгтэй. Энэ үүргээ жолооч А биелүүлээгүй гэж шүүх үзжээ. Иймд УДШ А-д анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ.