horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Дэлхийд алдаршиж буй “Homay” дуу ямар утгатай вэ?

post-img

Сүүлийн үед TikTok, Instagram, Spotify гээд бараг бүх л платформ дээр Homay нэртэй нэгэн уянгалаг этно-поп дуу тренд болж, өөрийн эрхгүй чихэнд хоногшин аманд аялагдах болжээ

Homay дууны гүн гүнзгий утга 

Homay хэмээх дуyнд Башкир үндэстний домогт гардаг Хомай гэх эмэгтэй шувууны тухай өгүүлдэг байна. Домогт өгүүлснээр, Хомай нь тэнгэрийн шувуудын хаан Самраугийн охин бөгөөд эцэг эх нь түүнд сайн сайхан, ариун ёс суртахууныг өвлүүлсэн гэдэг. Тэрээр алмаазан сүхний хамгаалагч, ид шидийн Акбузат морины эзэн бөгөөд амьд усны ундаргын замыг мэддэг онцгой хүчтэй хүн хэмээн дүрслэгддэг аж. Мөн гаднын хүнтэй гэрлээгүй, уламжлалаа зөрчөөгүй, үнэнч хөвгүүдийг төрүүлсэн тул “Аз жаргалын шувуу” хэмээн нэрлэгддэг Башкирын соёл, уламжлалд онцгой байр суурь эзэлдэг, гүн утга агуулсан мифологийн дүр юм.

Дууны ерөнхий утга санаа нь өв уламжлалаа дээдэлдэг, хүчирхэг, гоо үзэсгэлэнтэй Башкир эмэгтэйчүүдийг “Хомайн одод” хэмээн Хомай шувуутай зүйрлэж буй талаар өгүүлдэг аж. 

Ингээд Homay дууг бүтээсэн Башкир үндэстний Ay Yola хамтлагийг танилцуулж байна.

2024 онд Оросын Уфа хотод байгуулагдсан тус хамтлаг нь орчин үеийн электроник хөгжмийг Башкир үндэсний хөгжмийн зэмсэг болох курай, домбра, кубыз зэрэгтэй хослуулан өвөрмөц дуугаралт бий болгосноороо олонд танигдаад буй. Ay Yola хамтлагийн уран бүтээлүүд нь Башкир үндэсний домог, түүхийг орчин үеийн хөгжимтэй хослуулан шинэчилсэн хэлбэрээр хүргэдэг гэж хэлж болох юм. Хамтлагийн нэрийн хувьд Башкир хэлээр “сарны зам” буюу дээд ертөнцийн хууль, ёс заншил гэсэн утгатай бөгөөд энэ нь тэдний туурвидаг уран бүтээл, дуу хөгжимтэй төгс зохицдог аж. 

Тус хамтлаг нь Адель Шайхитдинова, Руслан Шайхитдинов, Ринат Рамазанов хэмээх гурван хүнээс бүрддэг бөгөөд продюсер, хөгжмийн зохиолчийн үүргийг гүйцэтгэдэг Руслан нь гоцлол дуучин Аделийн аав нь гэнэ. Руслан охиныгоо багаас нь урлагийн хүн болно хэмээн итгэдэг байсан бөгөөд тэд хамтдаа 2019 онд TNT сувгийн “Песни” хэмээх хөгжмийн нэвтрүүлэгт оролцож анх олонд танигдаж байжээ. Харин Ринатын хувьд Башкортостаны Ардын жүжигчин цолтой нэгэн бөгөөд олон хөгжмийн зэмсэг эзэмшсэн, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн гэдгээрээ шүтэн бишрэгчдийнхээ хайр, хүндэтгэлийг хүлээдэг аж. 

Эх сурвалж: Buro Mongolia

0/1000
Kk

Thunderiin videog ni ashiglaj ntr