Магадлан гэж юу вэ? Юуны магад гэсэн утгатай энэ үгийг гэмт хэрэгтнийг дахин бусдад гэм хийхгүй байх гэсэн утгаар хуульд хэрэглэдэг. Гэм буруутайг нь шүүх тогтоосон гэмт хэрэгтнийг гэмшсэн болов уу, засарсан юм уу, дахин хэрэг хийх үү, үгүй юү гэж магадладаг.
Тэгвэл Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах төвийн дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууныг магадлангаар оруулах тухай яриа гарчээ. Түүнийг ямар ч хамаагүй аргаар шоронгоос гарч, биеэ эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа хүмүүс байхад уучлал гуйх, магадлангаар орох нь буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж үзэж байгаа хүмүүс ч бий. П.Батчулуун эмчийн садангууд ч энэ тал дээр өөр, өөр байр суурьтай байгаа тухай охин нь манай time.mn-д өгсөн ярилцлагаараа хэлсэн. Харин П.Батчулуун эмч өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа тул уучлал гуйхгүй гэдгээ гэрийнхэндээ илэрхийлжээ.
Ямар хүнийг ял эдлэхээс чөлөөлдөг вэ? Эрүүгийн хуулийн 6.13.1-т “Шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно” гэж заажээ. П.Батчулуун эмчийн зүрх, судасны үйл ажиллагааныхаа 70 хувийг алдсан. Зүрх нь 100% ажиллах ёстой байтал 30% нь ажиллаж байгаа. Шихрийн шижинтэй. Үүнээсээ болоод цус нь маш өтгөн. 2012 онд зүрхний шигдээс үүсэж, одоо судсандаа 11 тэлэгчтэй. Анхан шатны шүүх хурал болтол 8 тэлэгчтэй байсан бол уг хурлын дараа зүрхний үйл ажиллагаа нь алдагдан, эмнэлэгт хүргэгдэж, 3 тэлэгч нэмж тавьсан юм.
Энэ бүхний хажуугаар сүрьеэ туссан. 2018 онд уушгин дээр нь сүрьеэгийн маш жижигхэн үүсгэвэр байгааг илрүүлж, эмчилгээ хийлгээд, эдгэжээ. Одоо дахин сүрьеэгийн халдвар шинээр авсан уу, хуучин өвчин нь сэдэрсэн үү гэдэг нь тодорхойгүй. Ямартаа ч сүрьеэтэйг нь ХӨСҮТ тогтоожээ. Сүрьеэгийн эмчилгээ хийхээр зүрхний үйл ажиллагаа нь алдагдаж, даралт нь унан, эмч нарыг сандаргаж байгаа тухай охин нь ярьсан юм.
Үүнээс үзвэл П.Батчулуун эмчийг магадлангаар оруулж, хорих ял эдлэхээс чөлөөлж болох нь. 2015 онд шинэчилсэн Эрүүгийн хуулиар бол хорих ял сонссон хэн ч хугацаанаасаа өмнө суллагдаж болно. Ямар өвчтэй хүнийг хорих ял эдлэхээс хэрхэн чөлөөлөхийг “Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт” гэсэн журмаар зохицуулдаг аж. Эдгээр журмыг 2019.07.26-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/152, А/366 дугаар тушаалаар баталжээ.
“Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д олон эрхтний архаг дутмагшил, сүрьеэгийн хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдол, суурь өвчин гэсэн заалт байна. П.Батчулуун эмчийн өвчин эдгээр оношид багтах бололтой.
ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлэгт шилжиж ирсэн хоригдол үзлэг шинжилгээний дүнд ялаас чөлөөлөх өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч энэ тухай үнэн зөв баримт бүрдүүлж, Эмнэлэг хяналтын комисст даруй шилжүүлж, танилцуулдаг. Эмнэлэг хяналтын комисс уг баримтыг үндэслэн, “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д заасан шинжилгээ, оношилгоог нягтлан шалгаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ хоригдлын биеийн байдалтай танилцана. У үзлэгийн дүнг хурлаар хэлэлцэж, санал нэгдвэл хурлын тэмдэглэлд бүх гишүүн гарын үсэг зурж баталгаажуулан, ялаас чөлөөлөх санал, эрүүл мэндийн тодорхойлолтыг хоригдлын хувийн хэрэг, ялын тооцооны хамт прокурорт хүргүүлнэ. Прокурор уг баримтыг хянан үзэж, саналыг үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна. Прокурор үүний дараа шүүхэд бүх баримт, дүгнэлтээ хүргүүлж, уг хүнийг ялаас чөлөөлөх санал гаргадаг. Үүнийг шүүх хэлэлцэн шийдвэрлэдэг аж.
Энэ бол хүний амьд явах, өвчнөө эмчлүүлэх эрхийг эдлүүлж байгаа хэрэг юм. П.Батчулуун эмч энэ эрхээ эдлэх нь зүйн хэрэг. Гэхдээ ялаас чөлөөлнө гэдэг нь тэр хүний хэргийг цагаатгасан, хэрэгсэхгүй болгосон, буруугүй гэж үзсэн хэрэг огт биш. Ял эхлэхээс чөлөөлсөн л болохоос ялтан хэвээрээ гэсэн үг. П.Батчулуун эмч өөрийгөө гэмгүй гэж үзэж байгаа. Тиймээс ч Ерөнхийлөгчөөс уучлал гуйлгүйгээр УДШ-д хандсан. Шүүх түүнийг ял эдлэхээс чөлөөлсөн ч УДШ түүнд оноосон ялыг эргэн харж, түүнийг буруутгасан хэргийг дахин нягтлах биз. Буруугүй гэдгээ тогтоолгох, цагаадах эрх ч бас хүнд бий шүү дээ.