horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Хайрыг хуульчлах уу?

post-img

Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж, нөхөр (эхнэр)-т нь баригдсан тохиолдолд 5-10 сая, цаашлаад тодорхой хугацаагаар баривчлах, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох хуулийг иргэн П.Саранзул гаргаснаар нэлээдгүй шуугиан тариад байна. Тэр өргөдөлдөө “Хүүхдийн эрх маш их зөрчигдөж өнчрөл, салалт хэрээс хэтэрлээ. Гэр бүлийг хуулиар баталж, гэрчилгээ өгч, тангараг өргүүлдэг атал тангаргаа мартсан, гэр бүлээ хуурсан хүнд шийтгэл оноохгүй байна. Бусдын амьдралыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой” хэмээжээ.


Улс орон оршин тогтнож, тогтвортой хөгжихийн үндэс нь гэр бүл гэдэг. Монгол Улс тогтвортой хөгжих байтугай, тогтох эсэх нь тодорхойгүй байсаар…


Улс орон оршин тогтнохын гол үндсэн суурь нь гэр бүл гэдэг. Бид үүнийг эрхэмлэх ёстой гэгддэг. Гэвч өнөөдрийн статистикийг харахад тийм биш аж. 2023 онд 4776 хос гэрлэлтээ цуцлуулснаас хамгийн их буюу 3161 нь 10 жилээс дээш амьдарсан хос байна. Үүнээс хамгийн бага нь 96 буюу 1-3 жил амьдарсан хосууд байна.
Харин 2024 онд 4463 хос гэрлэлтээ цуцлуулснаас хамгийн өндөр нь 2843 буюу мөн л 10 жилээс дээш амьдарсан хосууд байна гэх судалгааг Үндэсний статистик хороо гаргажээ.
Өнгөц харвал олон жил хамт амьдарсан хос нэгнээ ойлгож, амьдралын жаргал зовлонг хамтдаа туулсан баймаар. Гэвч яагаад 10 гаруй жил хамт амьдарч, аав ээж болох эрхэм үүрэг хүлээсэн хүмүүс гэрлэлтээ цуцлуулж, үр хүүхдээ өнчрүүлж, байна вэ? Ингээд бодоход манай улс оршин тогтнох байтугай тогтох эсэх нь эргэлзээтэй мэт…


Манайхан хүүхдээ 20 гарав уу үгүй юу хүнтэй сууж, хүүхэд гаргахгүй бол оройтлоо гэдэг. Гэвч гэр бүл салах шалтгааны нэг нь наснаасаа эрт гэрлэж, нэгнээ таньж мэдээгүй байдал нөлөөлдөг. Дэлхийн улс орнуудын гэрлэлтийн дундаж нас 28-32 бол монгол эмэгтэйчүүдийнх 20-29 байна.
Мөн гэр бүл салалтад санхүүгийн хомсдол, үл ойлголцол, хүчирхийлэл, араар тавилт хамгийн их нөлөөлдөг байна. Харин сүүлийн жилүүдэд салалтын хамгийн том шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа буюу араар тавилт гэж үзэх болжээ.

Иргэн П.Саранзулын санаачилсан хууль үүний нэг баталгаа байж болох юм. Бид өдөр тутамдаа сошиал ертөнцөд хэдэн мянган салалт, хууралтын жишээ уншиж, уйлсан, хаягдсан бүхнийг өрөвдөж амьдардаг болж. Ингэж байхаар хуульчилбал яадаг юм? Хүний эхнэр, нөхөртэй явалдаж, гэр бүл салгаж, бүлтийсэн үрсийг өнчрүүлэхээс дээр бус уу?


Гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар шийдвэрлэж яагаад болохгүй вэ?


Гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар шийдэх асуудал нэг бус удаа хөндөгдөж байжээ. 2023 онд Г.Төгссаруул гэр бүлээс гадуурх харилцаанд орсон этгээдэд ял, эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуулийн төсөл санаачилжээ. Гэвч гэр бүлээс гадуурх харилцаанд орсон этгээдэд хариуцлага тооцох асуудал нь хүний эрх зөрчих тул хуулийн төсөлд тусгах боломжгүй гэж үзсэн байна.
Араар тавилтыг хуульчлах асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хайр сэтгэл хуульчлагддаггүй” гэж хэлж байв.


Олон улсад ийм харилцааг хэрхэн зохицуулдаг вэ?


Манай улсад гэр бүлээс гадуурх харилцааг зохицуулсан хууль байхгүй. Энэ нь араар тавилт, хууралт ихсэж, салалт нэмэгдэх шалтгаан байж болох юм.
Манайхаас бусад ихэнх улс оронд гэр бүлээс гадуурх харилцаанд буруутай этгээдээр мөнгөн торгуул төлүүлэх хуультай байдаг аж. Тухайлбал: БНХАУ-д гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эхнэр, нөхрийг дундын өмч хуваалцах эрхгүй болгодог бол БНСУ-д мөнгөн торгууль оногдуулдаг аж.

Гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар зохицуулах санал дэвшүүлснээс хойш олон хүн өөр өөрийн бодол сэтгэгдлээ цахим орчинд хуваалцсан байна. Зарим нь үүнийг завхайрал, сэтгэлзүйн доройтол үүнийг хуульчилж зохих ёсны арга хэмжээ авах ёстой гэсэг бол зарим нь насанд хүрсэн хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлыг хуульд тусгах нь зохимжгүй гэв.

Харин Сэтгэлзүйч Б.Жаргалаа цахим хуудсандаа “Араар тавилтаас үүдэн салж буй гэр бүл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс хуулиа чангатгаж, гэр бүлээс гадуурх харилцаанд орсон буруутай этгээдэд мөнгөн торгуул оногдуулж, баривчлах, албадан ажил хийлгэх иргэний саналыг дэмжиж байна” гэжээ.

Хайрыг хуульчилдаггүй гэлцэнэ. Тэгвэл араар тавилтыг яах вэ?

0/1000
Xxxx Xxx

erchuud ni odor bur arhi agsan tabij bolooguiee deer ni hadam nertei shulmasuud nemegdeheer yaj nasaaraa tewchij amidarahavdee