horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Эмгэнэл

post-img

ЯНГАЛАГИЙН ШУУРАВ

(1950-2025)

Монгол Улсын Ардын багш, доктор, профессор, Менежментийн шинжлэх ухааны эрдэмтэн Янгалагийн Шуурав нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Янгалагийн Шуурав нь 1950 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрж, 1959-1969 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1969-1974 онд Монгол Улсын Их Сургуулийг Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1982 онд Москвагийн Удирдлагын Их Сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1974-1979 онд Монгол Улсын Их Сургуулийн Үйлдвэрлэлийн эдийн засаг, удирдлагын тэнхимийн багш, 1982-1990 онд Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийн Удирдлагын онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч, 1990-1994 онд дэд захирал, 1994-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн дэд захирал, 1996-2000 онд Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн эрхлэгч, 2000-2010 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын сургуулийн захирал, 2010-2013 онд Судалгааны төвийн секторын эрхлэгч, 2013-2017 онд Менежментийн тэнхимийн профессор, 2017-2019 онд Удирдлага, сэтгэл зүйн тэнхимийн профессор зэрэг эрхэм хүндтэй албыг хашиж, боловсролын салбарт ажиллажээ. Монгол Улсын Ардын багш, Доктор, Профессор Янгалагийн Шуурав нь 1990 онд улс оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ажиллах төр, аж ахуйн удирдах ажилтан бэлтгэх сургалт, 1993 онд Монгол Улсын боловсролын салбарт анхны Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг тус тус санаачлан хэрэгжүүлэхэд түүчээлэн ажиллаж, менежментийн ухаанаар мэргэшсэн мэргэжилтэн, судлаач, багш нарыг бэлтгэхэд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан сурган хүмүүжүүлэгч байв. Мөн эдийн засаг, менежмент, нийгмийн хамгаалал, боловсрол судлалын асуудлаар 40 гаруй ном, бүтээл, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг хэвлүүлэн гаргаж менежментийн хөгжлийн дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, шинэ хандлага, арга зүйг хойч үедээ таниулах чиглэлээр ихийг хийсэн, салбартаа тэргүүлэгч, олон улсад танигдсан эрдэмтэн байлаа. Тэрбээр Монгол Ардын Хувьсгалт намын 20 дугаар Их хурлын төлөөлөгч, Монгол Ардын Хувьсгалт намын Бага хурал, дотоод хяналтын хорооны гишүүн, 1991 оноос Монголын менежментийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2000 оноос Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв. Монгол Улсын төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Монгол Улсын Гавьяат багш, Монгол Улсын Ардын багш цол тус тус хүртээжээ. Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Янгалагийн Шуурав таны хөдөлмөрч хичээнгүй, шударга зарчимч, оюунлаг, нөхөрсөг, даруу зан чанар, бүтээлч үйл хэрэг бидний сэтгэлд мөнхөд орших болно.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,Ч.УНДРАМ, Н.УЧРАЛ, П.НАРАНБАЯР,Х.ЖАНГАБЫЛ, Т.АУБАКИР, Б.БЕЙСЕН, А.БЕГАРЫС, Е.ЗАНГАР

0/1000
Мөнхбат Sovd

Төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье!