horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Онцгойгийн нисдэг тэрэг гал унтраахад биш, дарга тээвэрлэхэд зориулагдсан уу?

post-img

Сэлэнгэ аймаг болон Богдхан ууланд ой, хээрийн түймэр гараад байна. Богдхан уулын түймрийг цурамд оруулж, унтраахад ойртсон бол Сэлэнгэ аймгийнх ассаар байгаа аж. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд буюу Дугуйцагаан орчимд өчигдөр гал гарсан. Улмаар өнгөрсөн шөнө онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж 23:10 цагт цурамд оруулсан. Түймэрт 56 га талбай өртөөд байна.

Тэгвэл хоёр ч газар ийн ноцтой түймэр гарч байхад онцгой байдлын нисдэг тэрэгнүүд тэнд очоогүй нь олны анхаарлыг татаж байна. Онцгой байдлын байгууллагад бүртгэлтэй 3 нисдэг тэрэг байдаг. Энэ нь Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр өгсөн нисдэг тэрэг. Мөн нисдэг тэрэг худалдан авах зээлийн хэлэлцээрийн хүрээнд Франц Улс манай онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмч бэлтгэж өгсөн юм.

Түймэр гарсан Богдхан уулын Дугуйцагаан, Баруунширээт орчим нь хэт өндөрлөг тул машин гарах боломжгүй. Явганаар хоёр цаг алхаж гарах боломжтой. Мөн салхи их байсан тул албан хаагчид очихдоо хугацаа алдаж, галын чиглэл өөрчлөгдөн тархац нь хурдтай нэмэгдэж байжээ.

Иймд гал унтраах ажилд оролцоогүй онцгой байдлын нисдэг тэрэгнүүд хаана ямар үйл ажиллагаатай байгаа талаар албанаас тодруулахад хариу мэдээлэл өгсөнгүй. Харин өчигдөр эхэлсэн Хойд бүсийн зөвлөлийн анхны хуралд оролцохоор Булган аймаг руу сайд нар онцгой байдлын 2 нисдэг тэрэг хөлөглөжээ. Үүний нэг нь онцгой байдлын, нөгөөх нь хил хамгаалах байгууллагынх байв. Мөн нэг “Cessna” буюу жижиг оврын онгоцоор зорчиж очсон байна. Улмаар хил хамгаалах байгууллагын нисдэг тэрэг оройдоо буцсан бол онцгой байдлыг нисдэг тэрэг Булган аймагт байгаа тухай мэдээлэл ирээд байгаа юм. Чухам аль дарга нь эдгээр нисдэг тэргийг унаж, бүсийн хуралд оролцож байгаа нь харин тодорхой биш байна.

0/1000