Иргэн Сэржмядагийн Түвшинбилэг Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн сонгуулиар сонгодог болох өргөдлийг санаачилж, D.Urgudul системд байршуулсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Иргэдийн гарын үсэг зурах хугацаа дөрөвдүгээр сарын 25-аас тавдугаар сарын 25-ны хооронд явагдана. Өнөөдрийн байдлаар 5580 иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ. Хэрвээ 100 мянган иргэн дэмжвэл УИХ холбогдох байнгын хороонд хуваарилан холбогдох хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүснэ.
Тус өргөдөлд, “Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай” гэжээ.