horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хүн ам зүйч А.Амарбал: Хүн амын өсөлт удааширч 4 сая, 5 сая иргэнтэй болох тооцоолол хойшилсоор байна

post-img

Монгол улсын хүн ам 2030 онд 4 сая, 2050 онд 5 саяд хүрнэ гэсэн урьдчилсан прогнозыг ҮСХ-ноос тооцоолсон байдаг. Гэвч хүн амын өсөлт саарах процесс нь судлаачдын тооцоолж байснаас эрт эхлэх болжээ. Тиймээс хүн амын өсөлтөө нэмэгдүүлэхэд анхаарах цаг болсон талаар хүн ам зүйч, судлаач А.Амарбалтай ярилцлаа.

– Хүн амын өсөлт саарч байгаа мэдээлэл байна. Чухам яагаад Монгол улсын хүн ам төлөвлөж байснаас эрт саарах болов ?

– Эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн нас их хойшилж байна. Айл өрхүүдийн эхний хүүхэд орой буюу 30 гарсан хойно нь төрөхөөр тухайн айл олон хүүхэд төрүүлэх магадлал буураад явчхаж байгаа юм л даа. Хүүхэд төрүүлээд эмэгтэй хүний бие эрүүлжээд дараагийн хүүхдийн тээх хугацаа болтол цаг хугацаа шаардагддаг гээд бодохоор олон хүүхэд төрүүлэх боломж бүрдэхгүй байна.

-Социализмын үед айл болгон л 5-аас дээш хүүхэдтэй, 10 ба түүнээс дээш хүүхэдтэй айлууд ч цөөнгүй байсан. Гэхдээ одоогийн нийгэмд Монгол эмэгтэйчүүд тэгж олон хүүхэд гаргахгүй байх гэж бодогддог юм. Монголд одоо бол 3-4 хүүхэдтэй айлыг олон хүүхэдтэй айлд оруулж тооцдог болж байна.

-Одоо Монгол улсын хэмжээнд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 168 мянган л байна. Үүний 48 мянган нь 4-өөс дээш хүүхэдтэй. Сая өрхтэй улсын хувьд олон хүүхэдтэй айл өрх цөөхөн байна гэсэн үг шүү дээ.

 -Европт  хүн амын өсөлт  зогсчихвол ахиад сэргэх бололцоо байдаггүй гэж ярьж байхыг сонссон юм. Монгол улсын хүн амын өсөлт зогсонги байдалд ороод эргээд сэргэхгүй нөхцөлд хүрэх эрсдэл байх вий?

-Манай улсад хүн амын өсөлт зогсонги байдалд орох хандлага гарахыг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэхээр шинэ мянганы, шинэ зууны иргэдийн сэтгэл санаа, аливаа нийгмийн оролцоо хандлагыг бүрэн тодорхойлсон судалгаа хангалттай хийгдээгүй байна шүү дээ. Олон улсын судлаач нарын зүгээс хүн амын өсөлтийг мөнгөөр хөшүүрэгдэх нь хүн амын бууралт хурдан явагдахад нөлөөлдөг гэж үздэг. Монгол улс бол хүн амын өсөлтийн бодлогодоо бэлэн мөнгө ашигладаг улс орон.

– Сошиал орчинд зарим 1 улс төрч эмэгтэйчүүдийг цалинтай ээжийн 50 мянга, хүүхдийн 100 мянган төгрөгийн төлөө хүүхэд төрүүлдэг мэт шүүмжилж бичиж байсан. Та судлаач хүний хувьд дээрх мөнгө хүн амын өсөлтөд нөлөөлөх бололцоотой эсэхийг тайлбарлаж өгөөч?

-Эргэлзээтэй асуудал. Энэ талаар судалсан судалгаа огт байхгүй. Судлаагүй асуудлыг дүгнэх бололцоогүй. Гэхдээ аль 2008 онд хийгдэж байсан 1 судалгаанд хүүхэд төрүүлэх шийдвэрт хүүхдийн мөнгө нөлөөлсөн үү гэдэг асуулгад судалгаанд оролцогчдын 15 орчим хувь нь хүүхдийн мөнгө нөлөөлсөн гэж хариулсан байдаг. Гэхдээ энэ судалгаа бүр 2008 оных гэдгийг санах хэрэгтэй. Судлаачийн хувиар миний найдаж байгаа гол зүйл бол Монголчууд 1 айл өрх 3 ба түүнээс дээш хүүхэдтэй болох ёстой гэдэгт санал нэгддэг. Эрэгтэй эмэгтэй аль аль нь 3-аас дээш хүүхэдтэй байх нь зүйтэй гэж үздэг иргэдтэй улс орон дэлхийд тийм ч олон биш. Тэгэхээр энэ хандлагыг түшиглээд зөв бодлого хэрэгжүүлж чадвал саараад байгаа хүн амын өсөлтийг хөдөлгөх бололцоо байна гэж хараад байгаа. Дэлхийн 200 гаруй улс орны дунд Монголчууд 3 саяулаа гэдэг цөөхүүлээ байгаагийн илрэл. 4 сая болчихмоор байна, 5 сая баймаар байна гээд яриад байдаг. Хүн амын тоо гэдэг чинь улс үндэстний аюулгүй байдлын чухал асуудал. Сайн эдийн засагтай байх юм уу? Сайн хүнтэй байх юм уу? Сайн хүмүүстэй байх юм уу? 1960-аад онд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхтой харьцуулшгүй байсан нь ойлгомжтой. Тэгвэл Монгол улс 1960-аад онд олон хүүхдийг дэмжих бодлогыг идэвхтэй өрнүүлж маш их мөнгийг хүн амын өсөлтийн дэмжлэг болгож зарцуулж байсан. 60 жилийн өмнөх бодлого гаргагч нарын хүн амын өсөлтөд оруулсан хувь нэмэр өнөөдөр 2020 онд гарч байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр хөдөлмөрийн насны 2 хүн хөдөлмөрийн насны бус 1 хүний зардлыг татвараа хураамжаараа тэжээж байна.

-1960-аад онд БНМАУ-ын төр хүн амын өсөлтийг чухам хэрхэн дэмжиж байсан юм бол?

-Олон хүүхдийн одон байна. Олон хүүхдийн мөнгө гэж төрөөс их хэмжээний мөнгө олгодог байсан. Өнөөдрийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн одоогоос 60 жилийн дараа гарна гэж тооцоолдог.

-Бид хэзээ 4 сая иргэнтэй болох прогноз байсан билээ?

-2031онд Монгол улсын хүн ам 4 сая болно гэж тооцоолж байсан. Энэ тооцоолол 5-6 жилээр хойшлох нь тодорхой болоод байна.

 -Яагаад?

-Төрөлт судлаачдын тооцоолж байснаас эрчимтэй буурлаа. Дээр нь ковид гарсан нь төрөлт буурахад нөлөөлсөн хүчин зүйлсийн 1. Гэхдээ ковидын хүн амын өсөлтөд үзүүлсэн нөлөөг яг судалж тооцоо гаргаагүй байна.

-Тэгвэл одоогийн тооцоогоор бид хэдэн онд 4 сая иргэнтэй болох вэ?

-Ойролцоогоор 2036 онд 4 сая иргэнтэй болох тооцоо байна. 5 сая иргэнтэй болох үе нь 2050 гэж зарлаж байсан ч 2046 он хавьцаа болох төлөв байсан юм. Гэвч 4 сая иргэнтэй болох хугацаа хойшилж байгааг дагаад төсөөллөөс ахиад хойшлох төлөв бий болчихлоо.

 -Хүн амын өсөлтийн хөшүүрэг хэрэгтэй гэж та ярьсан. Яг ямар хөшүүрэг бидэнд хэрэгтэй вэ?

-Төрөлтийг дэмжих, хүн амаа өсгөнө гэдэг төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлого. Монгол улсын хүн амын өсөлт хараахан зогсчхоогүй байна. Өсөлт саарч байгааг ойлгох хэрэгтэй. 3,4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй айлд тооцогдох болж. Тэгвэл 3,4 дэх хүүхэд төрүүлэхэд нь төрийн дэмжлэг үзүүлбэл байгаа онох гээд байх шиг. Гэхдээ бэлэн мөнгөний дэмжлэг биш шүү. Орон байрны дэмжлэг, хүүхдийг боловсролын дэмжлэг. Жишээлбэл 3 хүүхэдтэй айлын орон сууцны нөхцөл тааруу байгаад эхнэр нөхөр хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг тохиолдолд урьдчилгааг нь улс даагаад татварын орлогыг нь буцаан олголт хэлбэрээр шийдээд явбал зах зээл рүү бэлэн мөнгө гарахгүй. Энэ мөнгөний эх үүсвэр хаана байгаа юм? Дандаа мөнгө ярилаа гэх байх.

Халамжлах ёстой өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай яриагүй шүү. Ер нь нийгмийн тодорхой бүлэг рүү чиглэсэн хөнгөлөлт дэмжлэгийг хөдөлмөр эрхлэх замаар нь дамжуулж дэмжих ёстой. Тухайлбал өндөр настнуудад өгөх дэмжлэгийн тодорхой хэсэг нь тэднийг сувилах сувилалд шууд очих ёстой.

-Гадаадын олон улс оронд хүүхдийн мөнгө өгдөг. Гэхдээ түүнийгээ халамж гэж үздэггүй юм билээ.

-Хүүхдийн мөнгө бол халамж биш.

-Гэхдээ таны яриаг сонсоход халамж ангилалд багтаагаад байх шиг сонсогдоод байна.

-Орлого багатай айл өрхийн хүүхдүүд хүнс тэжээлийн дутагдалд орчих эрсдэл бий. Бид бэлэн мөнгөөр хүүхдийн мөнгө өгөхөөр хүүхдийн мөнгөний тал хувь нь архи авахад зарцуулагдаад байгаа нь нууц биш. Уг нь цэцэрлэг сургууль, хоол хүнс үйлдвэрлэдэг компаниудаар дамжуулж хүүхдэд зориулсан санхүүжилт очиж байх ёстой. Хүүхдийн мөнгөний зарцуулалт хүүхдэд л чиглэх ёстой. Гадаадын улс оронд шууд мөнгө гэхээсээ илүү витамин, хүнс авах багц, памперс зэргээр хангамж хэлбэрээр олгодог жишиг олон бий.

-Монгол улс хүн амаа өсгөнө гэж ярьдаг. Гэвч олон хүүхэдтэй эсвэл нялх хүүхэдтэй эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх бололцоо Монголд хүнд байгаа нь нууц биш. Сүүлд Төв аймагт цэцэрлэгийн насны 3 хүүхэд харгалзах том хүнгүй гэртээ цоожлогдож үлдсэнээсээ болж галд амиа алдлаа. Таны яриад байгаа хөдөлмөр эрхлэлтээр дамжуулж төрөлтийг дэмжихээр тэр нялх хүүхдүүдийг хэн харах болж байна вэ?

– Бид хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Өндөр хөгжилтэй улс оронд 11 хүртэлх насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь орхивол хөршдөө мэдэгддэг журам бий. Гэртээ байгаа хөрш хажууханд нь байгаа хүүхдүүдэд хяналт тавьдаг. Энэ систем рүү явах ёстой. 1 нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэж ярихаар социализм гэж хараад байдаг. Үнэн хэрэгтээ нийгэм гэдэг хамтын амьдрал шүү дээ.

-Та түрүүн  өрхийн 3,4 дэх хүүхдийг орон сууцны дэмжлэгээр урамшуулбал үр дүнтэй гэдэг санал хэлсэн. Энэ ямар үндэслэлтэй санал вэ? Одоо манай 3-4 хүүхэдтэй айл өрхүүдийн орон сууцны нөхцөл муу байгаатай холбоотой юу?

-Олон улсад тэр дундаа өндөр хөгжилтэй улс оронд 1 хүүхдэд ногдох метр квадрат талбай гэдэг стандарт бий. Тэр стандарт Монголд мөрдөгддөггүй. Тэр стандартыг бий болгож нутагшуулах  юм сан. Ядаж л эрэгтэй эмэгтэй хоёр өөр хүйсийн хүүхэд 2 өөр өрөөнд амьдрах ёстой шүү дээ. Монгол улсад юу хамгийн үнэтэй байна вэ? Хуучин бол хүн боловсрол эзэмшээгүй бол хөдөө мал маллуулж эсвэл хүнд хөдөлмөр лүү шилжүүлж болдог байсан. Одоо ямар нэг боловсрол эзэмшээгүй хүн сайн сайхан амьдрах нөхцөл байхгүй. Энэ утгаараа хүүхэд өсгөх зардалд боловсролын зардал маш өндөр жин дарж байна.

-1 хүүхэд өсгөж боловсролтой болгох зардал дунджаар  хэдэн төгрөг байгаа талаар судалгаа бий юу?

– 1 хүүхдийг төрсөн цагаас нь 22 нас хүртэл нь өсгөж боловсролтой болгох зардал маш өндөр болсон нь тодорхой асуудал. Гэвч үүнд хийсэн судалгаа Монголд алга. Бид энэ судалгааг хийж байж хүн амын зөв бодлого явуулна. Хувийн сургуульд сурдаг хүүхдийн зардал сургалтын төлбөртэй холбоотойгоор бүр өсдөг. Дэлхийн улс орнуудын хүн амын өсөлтөө дэмжих бодлого янз бүр байна. Боловсролыг үнэ төлбөргүй болгодог. Монгол улсын хувьд үнэ төлбөргүй олгоно гэж байгаа ч чанар, хүртээмж хангалтгүй байгаагаас хувийн сургуулиуд эрчимтэй нэмэгдсээр байна. Бид эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс даатгаж байгаа ч мөн л хангалтгүй байгаатай бүгд санал нийлэх байх. Тиймээс зах зээлийн нийгмийн 1 хүнийг бэлтгэх өртгийг тодорхой болгож яг хаана дэмжлэг үгүйлэгдэж байгааг тодорхой болгох хэрэгтэй байна.

– Мэдээлэл өгсөнд баярлалаа

-Баярлалаа

0/1000