horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тэрбум мод тойрсон түмэн хэл ам

post-img

Тэрбум мод. Хэлэхэд их, сонсоход сайхан тоо. Гэвч “Тэрбум мод” хөдөлгөөнийг тойрон түмэн хэл ам гарч, одоо ч тасрахгүй байна. 2021.11.17-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхэлсэн энэ хөдөлгөөн 2030 онд дуусна. Нийт газар нутагтайгаа харьцуулахад манай орны ой маш бага. Монгол орны нутаг дэвсгэрийн 7.9%-ийг ой эзэлдэг. Дэндүү чамлалттай. Хаврын хаварт дэгдэж байгаа угалз, түйрэн, шороон шуургаа харсан ч, бусдаас дэндүү хурдан дулаарч байгаа цаг уураа бодсон ч монголчууд бид мод тарих ёстой.

Тиймээс ч Ерөнхийлөгч ийм хөдөлгөөн өрнүүлж, 9 жилийн дотор ойн санг 9%-д хүргэхээр зорьсон юм. Зорьсон хугацаа дуусахад 5 жил үлдлээ. Талдаа орчихлоо. Энэ хооронд бид юу хийв?

       “Тэрбум мод” төрийн албан хаагчдын бизнес болжээ

“Тэрбум мод” хөдөлгөөнөөр төрийн албан хаагчид бизнес хийдэг болжээ. Хаана л бол хаана өөртөө ашиг харж явдаг төрийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ч хөл, гараа дүржээ. Тэд өөр хэн нэгний нэр дээр мод үржүүлгийн газар байгуулж байна. Хувийн компаниудад тарих суулгацаа хаанахын ямар компаниас авах, түүнийгээ хэнээр тариулахыг хүртэл зааж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОУАӨЯ, Ойн газарт хүртэл ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс шургачхаж. Тэд өөрийнхөө мод үржүүлгийн компаниудыг хувийн хэвшлийнхэнд зааж өгч, тэр компанийн тарьц суулгацыг аваарай гэж зааварладаг болжээ.

      Говийн байгалийг сэндийчээд, хангайд мод тарих ёс

Монголын уул уурхайн том ордууд говьд голдуу бий. Түүнийг олборлож буй гадаад, дотоодын компаниуд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд сая сая мод тарихаар амласан. Гэвч говийн байгалийг хөндөж, ашигт малтмалыг нь олборлон, эмзэг ургамлыг нь үгүй хийсэн олон компани говьдоо биш, хангайд мод тарьж байна. Энэ шударга уу. Зүйд нийцэж байна уу? Тэд уг нь говьд л мод тарих ёстой.

Говьд мод тарьж, ургуулах мэдээж хэцүү. Хангайд илүү хялбар. Ийм л тооцоо хийгээд, тэд хангайд мод тарьж байна.

Үүнийг урьдчилан харж, хаалт хийгээгүй нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний алдаа. Гэхдээ засах цаг бий.

                       Харийн модоор “Тэрбум мод”-ыг гутааж байна

Мод л тарьж байвал ямрыг ч тарьсан яадаг юм гэх хэтэрхий хэнэггүй байдлаар “Тэрбум мод” хөдөлгөөнд зарим хүн хандаж байна. Тэд гадаадаас мод зөөх ажилд гаргууд суралцаж эхэллээ. Уг нь туршилт судалгаанд ашиглах гээгүй л бол гадаадаас ямар ч мод оруулж ирэхийг Ойн тухай хуулиар хориглодог. Гэтэл манай улс гадаадаас мод оруулж ирээд л байдаг. Гадаадаас мод оруулж ирэх, үгүйг БОУАӨЯ, Ойн газар мэддэггүй. Аж ахуйн нэгжүүд мэддэг юм.

Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Эрээнцав, Цагааннуур, Булган, Баянхошуу гэсэн 9 боомтоор модны тарьц, суулгац оруулж ирэхийг Засгийн газар 2003 оны 173-р тогтоолын 1 дүгээр хавсралт “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-аар зөвшөөрчээ. Эдгээр боомтоор хэзээ л бол хэзээ тарьц, суулгац импортлох боломжтой. Тэгвэл 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд Дорнодын Хавирга, Завханы Арцсуурь, Говь-Алтайн Бургастай, Хөвсгөлийн Ханх боомтоор оруулж ирэхийг зөвшөөрдөг. Одоо ч оруулж ирсээр л байна.

Гадаадаас мод оруулж ирэх зөвшөөрлийг уг нь БОУАӨЯ, Ойн газар олгодог баймаар. Гэвч одоо бол хэн ч гадаадаас ямар ч мод оруулж ирж болно. Хэнээс ч зөвшөөрөл авах шаардлагагүй. Ийм байхад хэн дуртай нь Хятадын хил даваад л захын наймаачнаас модны тарьц, суулгац бөөндөөд ирнэ. Хятад хүн бүр мод, цэцэг тарьдаг. Модныхоо нэр, төрөл, зүйлийг ч мэдэхгүй. “Цэнхэр гацуур” гэж рекламдаад л, манайхан “Хөөх, цэнхэр гацуур байдаг хэрэг үү” гээд л аваад ирдэг.  Тэр модонд ямар хортон нуугдаад, Монголд орж ирээд, жаахан ойг маань сүйтгэхийг хэн ч мэдэхгүй. Модны модлог, холтос, навч, шилмүүс, үндэс гээд бүх эрхтэнд хөнөөлт шавж амьдардаг. Мэргэжлийн хүмүүс л тэрийг мэдэж, илрүүлнэ үү гэхээс модны наймаачид сонсоо ч үгүй биз. Газар нутгийнхаа 7.9%-ийг эзэлдэг жаахан ойгоо 9%-д хүргэхээр хичээж буй “Тэрбум мод”-ыг харийн хортноор сүйрүүлж болохгүй.    

                  Ойгоос мод шилжүүлэхийг хориглосон шиг

Улаанбаатар хот 2016 оноос эхлэн ойгоос мод авчран, гудамжиндаа суулгаж эхэлсэн. 1950-иад онд Богд уулаас шинэс, гацуур, нарс авчран суулгасан түүхээ дурсаж байгаад, өнгөрсөн үетэй барьцаж байгаад, ойгоос ургаа мод зөөсөн. Богд уулаас авахаар олон нийт хэл ам татлаад болохоо байхаар нь Тужийн нарснаас зөөсөн. Тэрийг нь мэдээд, шүүмжилмэгц Хүдэр, Зэлтэрийн ойгоос машин машинаар нь ачсан.

Ойн модыг зөөж, тэрбум модны тоогоо гялс гүйцээх гэсэндээ тийм юм хийсэн нь үнэн. Үүнийг нь ойн мэргэжилтнүүд, сэтгүүлчид, иргэд эсэргүүцмэгц Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022.10.10-нд тушаал гаргаж, байгалийн ойгоос хот, суурин газарт зулзаган мод шилжүүлэн суулгахыг 2030.01.01 хүртэл улсын хэмжээнд хориглосон юм. Алдааг олж хараад, засдаг нь ухаантай хүний шинж. Гэхдээ түймрээс хамгаалах халз зурвас, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд дахь модыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын зөвшөөрлөөр өөр тийш шилжүүлэн суулгаж болно.

“Тэрбум мод” тойрсон түмэн хэл амыг анхаарч, ойгоос мод шилжүүлэн суулгахыг хориглосон шиг арга хэмжээ авах хэрэгтэй байна. Засаг алдаагаа засах хэрэгтэй.

0/1000