ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Николай Патрушев ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа тус улсын 2022 оны 2-р сард Украинд халдан довтолж эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагаа” ялалт байгуулахад тун ойртож ирээд байгааг онцолжээ.
Тэрээр хэлэхдээ “бидний ялалтын үзүүр хэдийнээ нүдэнд тодроод, харагдаад эхэлсэн” гэжээ.
Николай Патрушев мөн “Аугаа их эх орны дайнд эх орноо хамгаалж, нацизмыг ялан дийлж, хойч үедээ энх тайвныг авчрахын төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн баатруудынхаа өмнө бид мэхийн ёслож, тэднийгээ үеийн үед хүндэтгэх болно. Өнөөдөр цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид өөрсдийн өвөө, өвөг эцгүүдийнхээ адил хүмүүнлэг бус нацист үзлийг устгахын төлөө мөн амь биеэ хайрлалгүй тэмцэж байна. Бидний ялалт ойрхон харагдаж байна” хэмээн хэлсэн байна.
Өнөөдөр мөн дэлхийн 2-р дайны үе шиг хүн төрөлхтөн дахин цус урсгах эсвэл улс орон бүр бүрэн эрхт байдал, аюулгүй байдлаа хангах эрхтэй дэлхийн шударга дэг журмыг тогтооно гэсэн хоёр сонголтын өмнө тулгараад байгааг тэрээр тэмдэглэв.