Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим П.Батчулуун эмчид холбогдох хэргийг хүлээн авч, хэлэлцэх товоо гаргаад байна. Хүн хууран мэхэлж, эд эрхтэн авсан гэм буруутай гэгдэн 2.6 жил хорих ял шийтгүүлсэн Хүний гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг УДШ-ээр хэлэлцүүлэх, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим энэ баасан гарагт буюу тавдугаар сарын 2-нд шийдвэрлэхээр товложээ. Баасан гарагт тус шүүх нийтдээ 27 хэрэг хэлэлцэнэ. Үүний 24 дэх нь П.Батчулуун эмчид холбогдох хэрэг байна.
Түүний 5 өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах, энэ хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл уг хэргийг УДШ хүлээн авч, хэлэлцэх өдөр товлоно. Харин УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзаж, уг зүйл заалтад энэ гомдол хамаарахгүй гэж дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болох юм.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2.6 жил хорих ял шийтгэсэн. Үүнийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн билээ.
П.Батчулууны биеийн байдал хүнд байгааг мэргэжил нэгтнүүд нь хэвлэлийн бага хурал хийж, удаа дараа мэдээлж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад П.Батчулуун эмчийн өвчин хамаарч байгааг мөн сануулсан байдаг.