horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос болгоомжилбол яана?

post-img

Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК-ийн удирдлагууд 4-р сарын 21-нд уран эсэргүүцэгч иргэдийг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын үеэр эсэргүүцэгчдийн нэг эмэгтэй тус компанийн захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрсан хэрэг гарсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас лавлахад “Шалгаж байна” гэсэн юм. Түүнд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байгаа аж. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр “Бадрах-Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсаныхаа дараа шууд Улаанбаатараас гарч, хөдөө явсан байна.

“Бадрах-Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед уран эсэргүүцэгч эмэгтэй халдсантай холбогдуулж, Монголын уул уурхайн үндэсний ассоциац мэдэгдэл гарган, уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэснээр цаашид ийм хууль бус явдал давтагдах эрсдэлийг хаах, бусдын нэр төр, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учрах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчийн биед халдсан дээрх үйл явдал Монгол Улсыг бусад улс оронд муухай харагдуулах шалтгаан болно гэдгийг бид мартаж болохгүй. Энэ асуудлаар УИХ-ын зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Энэ бүх шийдвэрийг иргэдтэй зөвшилцөж, хамтарч гаргасан бол ийм асуудал болохгүй. Үүний шийдэл бол байгаль орчин, нөлөөллийн үнэлгээ. Олон улсад бол энэ үнэлгээг хийдэг л дээ. Манай улсад Засгийн газрын 58-р тогтоол гэж хийсэн боловч хараахан хэрэгжүүлж чадахгүй байна. Уул уурхай юу? Хүний эрх үү? Нутгийн иргэдийн асуудал чухал уу? гэдэг ч юм уу. Олон улсад ч ялгаагүй, Монголд гарч байгаа шиг асуудал гардаг. Ийм асуудлаар бусад улсад ямар туршлага хэрэгжүүлсэн бэ гэвэл тулгаж хийж болохгүй юм байна. Харин процессыг хамтдаа хийж 5, 10 жилийн дараа хэнд, ямар ашигтай, үр өгөөжтэй юм? Орон нутагт ямар өгөөжтэй талаар хамтдаа ойлголцолд хүрсэн тохиолдолд төсөл хэрэгжихэд саад байхгүй. Орон нутгийн иргэдтэйгээ ойлголцолд хүрсэн төслүүдэд санхүүжилт олгоё гэдэг тоглоомын дүрэм рүү шилжиж байгаа гэсэн үг.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Монгол Улс Дэлхийн жишгээс өөрөөр яваад байна л даа. Дэлхий дахинд байдаг 200 гаруй улс, тэр дундаа амжилттай хөгжиж яваа улс орон бүхэн л гаднын хөрөнгө оруулалт татах юм сан гэж үздэг шүү дээ. Хотын асуудал ярихад л хотынхоо хүн амыг нэмэх сэн, хотын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх сэн гэж ярьдаг. Харин Монгол Улс гаднын хөрөнгө оруулалтаа хөөж явуулдаг, сүрдүүлдэг, хааж боосон хууль тогтоомж баталдаг. Бүр цаашлаад хууль тогтоомжоороо тодорхойгүй байдал үүсгэдэг. Нийслэлийнхээ хүн амыг цөөлөх бодлого яриад сууж байна. Гэтэл Дэлхий өөрөөр хөгжөөд байна. Ялангуяа иргэд цаашид хууль тогтоогч, шийдвэр гаргагчдыг шахах хэрэгтэй. Бид ямар ч тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө бат итгэлтэй түнш байхын төлөө хичээх хэрэгтэй шүү дээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн эрх барих дээд байгууллага нь шийдвэрээ гаргачихсан байхад гадаадын хөрөнгө оруулагчид халдана гэдэг зүгээр хувь хүмүүсийн асуудал биш. Үүний цаана улс орны нэр хүндийн асуудал яригдаж байгаа. Тийм учраас үнэхээр тэр асуудлаа ярих гэж байгаа бол УИХ-ын гишүүддээ хандана уу, орон нутагтаа эсвэл ажлын хэсгийг ахалсан хүмүүстээ хандана уу, хуулийнх нь хүрээнд аль болох ухаалгаар хандах ёстой. Парламент шийдчихсэн олон улсын хөрөнгө оруулалтын гэрээг тогтвортой байх боломжийг нийгэмд бий болгох ёстой. Үүнд олон нийт ухамсартай хандаасай гэж хүсэж байна._

“Бадрах-Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын биед халдсан асуудлаас болж, Франц улсын Элчин сайдын яамнаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хандсан байна.  

Нүүрсний экспортоос шууд хамааралтай байдаг Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа нь нууц биш. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт татах асуудалд саад учруулж мэдэх бүдүүлэг үйлдлийг монголчууд гаргаж, хөрөнгө оруулагчдад болгоомж төрүүлсэн нь тодорхой болоод байна. Цаашид хэрэгжүүлнэ гэж мөрөөдөж байгаа 14 мега төслийг ч босгох мөнгө Монгол Улсын төсөвт байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Засгийн газар илэрхийлсэн байдаг. Тэгвэл энэ мэт гадаадын хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулсаар байвал Монгол Улс хөгжил ярих боломжгүй ч болж мэднэ.

Эргэн сануулахад 2011 онд 5,7 тэрбум долларт хүртлээ хөрөнгө оруулалтаа өсгөж байсан Монгол Улсыг тухайн үед олон улс дараагийн Дубай болно гэж бичиж байсан. Харин бид хууль эрх зүй тогтворгүй, хоорондоо үл ойлголцлоо шийдээгүй байсантай холбоотойгоор 2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Хэдийгээр 2016 оноос хөрөнгө оруулалт бага зэрэг сэргэж, 2019 оны жилийн эцэст 3.1 тэрбум ам.долларт хүрсэн боловч өнөөг хүртэл дорвитой өсгөж чадаагүй билээ. “Муу дээрээ муухай. Муухай дээрээ улцан” гэгчээр арай гэж тогтоон ядаж байгаа хөрөнгө оруулагчид руугаа дайрч давшилсан үйлдэл хэрвээ гарсаар байвал Дэлхий биднээс нүүрээ буруулах эрсдэл үүсэж мэдэх юм.

0/1000