Долларын ханш өссөөр 3570,6 төгрөгт хүрчээ. Энэ бол Монгол банкны нэрлэсэн ханш. Арилжааны банкнуудад 1 доллар борлуулах ханш 3590 төгрөгт хүрээд байна. Монгол улсын түүхэнд ам.доллар ингэтлээ өндрөө авч байсан удаа байгаагүй ээ. Ковидын жилүүдэд долларын ханш савлаж байсан ч 2023 оноос тогтворжиж 3300 төгрөгөөс хэлбэлзэл багатай байсан билээ. Долларын ханш өсөх нь төгрөгийн худалдан авах чадварыг сулруулдаг гол хүчин зүйлсийн 1 болдог. 2025 оны эхэнд долларын ханш өсөж байгаа шалтгааныг валютын нөөц багасаж 4.8 тэрбум ам.долларт хүрч байгаатай холбон тайлбарлаж байсан юм.
Харин 4-р сард Монгол банк болоод Сангийн сайдын зүгээс валютын нөөц нэмэгдсэн гэж мэдэгдсэн. Гэтэл иргэд, аж ахуйн нэгжүүд банкин дээр доллар олдохгүй байгаа талаар хэлж байна. Уг нь гадаад валютын албан нөөц тоон дүнгээр нэмэгдсэн ч бодит байдал дээр зах зээлд ам.долларын хүртээмж, эргэлт хумигдсан хэвээрээ байгаа юм. Арилжааны банкнууд ч найман сая төгрөгөөс дээш доллар олгохгүй байгаа тухай мэдээлэл бий. “Найман шарга” валют арилжааны төвийн зарим газруудад огт доллар солихгүй байх тохиолдол ч гарах болжээ. Монгол улсын гадаад валютын нөөц өндөр байгаа боловч зах зээл дээр долларын эрэлт ихтэй хомсдол үүссэн гэж хэлж болохоор байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ам.долларын ханшийн өсөлт нэмэгдсээр байна.
Валютын тэр дундаа ам.долларын ханшийн өсөлт импортоос хараат Монгол улсад үнийн өсөлтийг шууд авчирдаг сөрөг нөлөөтэй. Долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор өнгөрөгч 3-р сард инфляц 9,4 хувьд хүрсэн. Уг нь төв банк болоод засгийн газраас инфляцыг 2025 онд 6 хувиас дээш доош 2 хувь буюу 4-8 хувьд барих тухай амлаж байсан ч энэ амлалт эхний улиралд хэрэгжсэнгүй. Дараа дараагийн улирлуудад ч хэрэгжих магадлал бага болж ирснийг судлаачид сануулсаар байна.
Махнаас бусад бараг бүх хэрэглээгээ гадаадаас авдаг Монголчуудын хувьд инфляц ам.долларын өсөлттэй холбоотойгоор цаашид ч нэмэгдэх нь тодорхой болоод байна. Үүнд будаа, нарийн ногоо, барилгын материал гээд бүх төрлийн худалдааны үнэд ам.долларын өсөлт нөлөөлнө гэсэн үг. Тухайлбал өндөг, бүх төрлийн будаа гурил, элсэн чихэр, тос, бүх төрлийн лаазалсан хүнс, гоо сайхан, саван шампунь гээд өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлнө. Цаашлаад автомашин, орон сууцны үнэд шууд нөлөөлдгийг судалгаа харуулдаг. Орон сууцны үнэ 2025 оны 4-р сарын байдлаар жилийн өмнөхөөс 17 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Ам.долларын ханшийн өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэйг судлаачид сануулж байна. Төгрөгийн худалдан авах чадварыг сулруулсан ам.долларын ханшийг тогтоон барих арга хэмжээ авахгүй бол цалингийн орлогоороо амьжиргаагаа залгуулах нь улам хүндэрч мэдэхээр байгааг анхаараасай.