horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ерөнхийлөгч, түймэр 2-ын хэн нь хурдан бэ?

post-img

Манай улс 7 сая модоо 7 түймэрт шатааж байгаа атлаа бүтэн жилд 4 сая мод тарьж байна. Арай дэндүү. Тарих гэж ядаж байхад, түймэрт шатааж, шавжинд идүүлээд дуусгах нь дээ.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд сургуулийн сурагч хүртэл 180 хоногт 4000 га талбай ойжуулж байхад 60 хоногт 2791 га талбай шатаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хоногт 22-23 мод тарьж байхад, түймэр 46-47 мод шатааж байна. Хэн нь хурдан байна даа.

Энэ оны эхний 4 сард Монгол Улсын12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 79 удаа ой, хээрийн түймэр гарлаа. Үүнд 2791 га ой, 700.998 га хээр хуйхлагджээ. Га-гаар ярихад гайгүй сонсогдож байж болох ч шилмүүст ойн 1 га талбайд 2500, навчит ойд 1500, заган ойд 2000 ширхэг мод тарих ёстой байдаг. Үүгээр тооцвол 7 сая модоо бид 2-хон сарын хугацаанд, 7-хон түймэрт шатаачихлаа. Өдөрт 116.300 ширхэг мод түймэрт шатааж байна гэсэн үг. Хайран байгаа биз дээ.

Шилмүүст мод жилд 4 кг, навчит мод хамгийн багадаа 13 кг нүүрстөрөгч шингээнэ. Түймэрт шатсан шилмүүст, навчит модны тоо тэнцүү байсан гэвэл 998.550 кг нүүрстөрөгч цэвэрлэх үйлдвэрээ хаврын 2 сард л бид түймэрдчихжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймаг ноднин 4 сая хүртэл мод тарих үүрэг хүлээсэн. Тарьсан эсэхийг бүү мэд. Тарьж байгаа зураг, тарьсан гэх тоо л байдаг болохоос ургасан гэх баримт, ургуулсан гэх дүн сонсогддоггүй. Бидний мод тарих хурд түймрийн мод шатаах, хөнөөлт шавжийн мод идэх хурдыг гүйцэхгүй байна.

Аймаг бүр 10 хүртэлх гол, горхи сонгон, 1 гол дээр 10 га хүртэл талбайг 2 жилийн хугацаанд ойжуулна гэж нондин Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлсэн. 10 ч биш, 10 хүртэлх шүү. 10 га гэсэнгүй, 10 хүртэлх га гэж байгаа юм. 1 горхин дээр 1 га талбай ойжуулсан ч болох нь. Ийм бага талбайг 2 жилд ойжуулах гэж зүдэж байх зуур түймэр түүнийг нь нүд ирмэхийн зуурт хуйхалж байна.

Манай улс 1971 оноос ойжуулалт гэдэг үгийг мэддэг болж, ийм ажил бага сага хийж эхлээд, 1984-1989 оны хооронд эрчимжүүлжээ.1980-2023 он хүртэл нийт 324 мянган га талбайг ойжуулсан байна. Үүний 24 мянган га нь Тужийн нарсных. Энд 4х2.5 м зайтайгаар, 1 га талбайд 2500 нарс суулгасан нь тун сайн ургажээ. 1986-2002 онд гарсан 7 удаагийн түймэр, модны хулгайч нарын хөрөөнд өртөн Тужийн нарсны 70% нь устжээ. Ой байсан газрыг ойжуулбал маш амжилттай ургадгийг Тужийн нарсны энэ ойжуулалт харуулдаг.

Тэгвэл цаана нь үлдсэн 300 мянган га талбайд тарьсан модны ердөө 600 га нь ой болсон байх юм. 299.400 га талбайн ой ургасангүй. Үүний шалтгаан нь хэн, хэзээ, яаж тарьж, хэрхэн арчилснаас хамаарсан байдаг. Социализмын үед ойд тарьсан моддоос 1985 онд суулгасан нь хамгийн сайн буюу 96.8% нь ургасан бол ардчиллын жилүүдэд Тужийн нарсыг гүйцэх ойжуулалт алга.

Ой гэдэг тариад болчихдог ажил биш. Өмнө нь ой байсан газарт үр, тарьц, суулгац тарьж, наанадаж 5 жил арчлан ургуулж, модоо 8 нас хүргэсэн байх ёстой. 1 га талбайд ойт хээрийн бүсэд 1400, тал хээрийн бүсэд 1000, говь цөлийн бүсэд 600 ширхэг мод ургаж байх шаардлагатай. Ингэвэл ой гэж үзэж, ойн санд бүртгэдэг. Тиймээс ч Тужийн нарсанд 2003 оноос тарьж эхэлсэн нарсыг одоо л ойн санд бүртгэх тухай яригдаж байна.

Ийм урт хугацаа зарцуулж, нүсэр их ажил болж байж ой бий болдог. Гэтэл түүнийг түймэр нүд ирмэхийн зуурт устгачхаж байна. Энэ хавар гарсан түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38% өссөнийг ОБЕГ мэдээллээ.

Аянга буруутай байж болох ганц л түймэр Хөвсгөлийн хөвчид гарсан. Бусад нь бүгд эзэнтэй. Санаандгүй гэж тайлбарладаг учир тэдэнтэй тооцох хариуцлага сул. Аль түмрийг хэн тавьсныг тогтоож, ямар арга хэмжээ авснаа мэдээлдэггүй. Үүнээс болоод тэр үү, түймрийн сэрэмжлүүлгийг хүмүүс үл тоодог. Тэгээд л түймэрдсээр, шатаасаар. Ерөнхийлөгч мод тариад л, хэнэггүй 1 этгээд түймэрдээд л… Энэ янзаараа байвал У.Хүрэлсүх хэзээ ч түймрийн хурдыг гүйцэхгүй. 100 тэрбум мод гэж хашхираад ч нэмэргүй.

0/1000