АНУ, Украины хооронд ашигт малтмал, газрын ховор элементийн гэрээнд Вашингтон хотноо гарын үсэг зурж, байгуулсан болохыг хоёр тал мэдэгдлээ. Тодруулбал, АНУ-ын Сангийн департамент болон Украины шадар сайд Юлия Свириденко нар газрын ховор элементийн гэрээг үзэглэснийг тус тус мэдэгдээд байна. Юлия Свириденко өөрийн Х хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ мөн гэрээний хүрээнд байгуулагдах сан “Украин улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татах болно” хэмээн бичжээ.
Лхагва гарагт АНУ-ын Сангийн департаментаас гаргасан хэвлэлийн мэдээнд хоёр тал гэрээний дагуу дайны дараахь “Нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтын сан” хэмээх хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулахаар болсон ба тус сангийн хөрөнгөөр байгалийн нөөц, ашигт малтмал, газрын элементийн хайгуулын ажлыг явуулахын сацуу мөн хоёр тал ашиг орлогоо хэрхэн хувааж авахыг сангаараа дамжуулан шийдвэрлэх ажээ.
Хоёр талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт урьдчилсан байдлаар гарын үзэг зураад байсан юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэрээг үзэглэхээс өмнө талууд хөрөнгө оруулалтын хамтарсан санг удирдан захирах, ил тод нээлттэй байдлын механизм зэрэг асуудлууд дээр зарим өөрчлөлтүүдийг нэмж оруулсан байна. Гэрээний төсөл дээр Америк, Украины техникийн багийнхан өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн турш, мөн энэ долоо хоногийн лхагва гарагийн үүрээр ажилласнаар бүх зүйл заалтууд дээр нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна.
АНУ-ын Сангийн департаментын мэдэгдэлд мөн энэхүү гэрээг байгуулснаар Трампын засаг захиргаа Украины тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд суурилсан энх тайвныг тогтоох үйл явцад тууштай байгаа гэдгээ ОХУ-д харуулж, дохио илгээж байгааг тодотгожээ.
Түүнчлэн 2022 оны 2-р сард ОХУ Украинд халдан довтолсноос хойш АНУ-ын Украинд үзүүлсэн хөрөнгө санхүүгийн болон материаллаг дэмжлэг туслалцааны хариуд энэхүү Украины “Нөхөн сэргээлийн хөрөнгө оруулалтын сан”-г байгуулж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
АНУ, Украины хоорондох ашигт малтмалын гэрээг анх өнгөрсөн 2-р сард үзэглэх гэж байсан боловч Д.Трамп, В.Зеленский нарын Цагаан ордон дахь хэрүүл маргааны улмаас бүтэлгүйтэж, түүнээс хойш талууд яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулсаар байгаад ийнхүү нэгдсэн тохиролцоонд хүрч, гэрээ байгуулаад байна.
“Ерөнхийлөгч Д.Трамп Америк болон Украины ард түмний хоорондох энэхүү түншлэлийн үйл ажиллагаагаар Украин улсын урт удаан хугацааны энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ажиллаж байгаа гэдгийг талуудад харуулахыг зорьсон бөгөөд Украины нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас Оросын дайныг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж байсан нэг ч улс орон болон хувь хүмүүс ашиг хүртэхгүй гэдгийг тодорхой хэлж байна” хэмээн АНУ-ын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент мэдэгджээ.
Украин улс графит, титан, лити зэрэг газрын ховор элементийн нөөцөөр баялаг улс бөгөөд сэргээгдэх эрчим хүч, зэвсгийн үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн дэд бүтцэд нэн шаардлагатай газрын ховор элементийн нөөцөд хяналтаа тогтоох нь АНУ-ын ашиг сонирхолд туйлын нийцэж буй нь тодорхой юм. Ялангуяа дэлхийн газар ховор элементийн нийт нөөцийн 90 орчим хувийг эзэмшиж буй Хятад улстай худалдааны дайн явуулж буй Трампын засаг захиргаанд Украинтай энэхүү гэрээг байгуулах явдал нь стратегийн хувьд маш чухал үйлдэл байлаа. Үүнийгээ ч Трамп шууд илэрхийлсэн бөгөөд тэрээр “бид цаг үргэлж газрын ховор элементийг эрж хайж байдаг, Украин улс баялаг нөөцтэй, тиймээс ч бид гэрээг байгууллаа, одоо бид хийх ёстой зүйлээ хийж олборлож эхлэх болно, энэ гэрээ тэдэнд ч мөн ашигтай” хэмээн лхагва гарагт хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон Ромын Пап Францисыг оршуулах ёслолын үеэр нүүр тулж уулзсан Трамп, Зеленский нарын уулзалтаас хэдхэн хоногийн дараа ийнхүү АНУ, Украины хооронд газрын ховор элементийн гэрээ байгуулагдлаа. Хэдийгээр энэхүү гэрээний хариуд Вашингтон аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг тодорхой заагаагүй ч энэ хэлэлцээр нь “АНУ Украины аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж буй бодит нотолгоо” болж байгаа хэмээн Вашингтоны зүгээс мэдэгдээд байна.