“Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар НДШ-ийг 1-2% бууруулах ямар ч боломж байхгүй. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв. НДШ-ийг багасгах сонирхол Засгийн газарт үнэндээ байхгүйг тэр хэлчихлээ. Ажил олгогчоос авдаг НДШ-ийг авахаа болихыг ажил олгогчид шаардаж, ажиллагсдын төлдөг НДШ-ийг багасгахыг ажиллагсад хүсэж байна. Гэвч энэ шаардлага, хүсэл лөөлөө болох нь ээ.
Уг нь Ерөнхий сайд НДШ-тэй холбоотой багц асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх шаардлагатай. Тус санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх боломж бага” гэж яг 3 жилийн өмнө мэдээлж байлаа. Харин 2024.12.31-нд олон нийтэд Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ “2024 онд эдийн засаг 5%-ийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул УИХ-ын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн, өргөн барих болно” гэж баярлуулсан билээ.
Гэвч тэр шилний цаанаас чихэр долоолгосон нь өнөөдөр тодорхой болж байна. Үүнийгээ тэр Л.Энх-Амгалангаар хэлүүллээ. Нүүрсээ зарж чадахаа байж, улсын төсөв тасрах эрсдэл үүссэнтэй үүнийгээ холбон тайлбарлах биз.
Тэгсэн атлаа тэд жирэмсэн эмийн шээх газарт бага оврын 1 онгоц, 3 нисдэг тэрэг хөлөглөн очиж, хуралдлаа. Үүнээс нь харвал Засгийн газар мөнгөтэй, сайд нар овлигогүй байна. Мөнгөгүй засаг ийм үрэлгэн, ухаалаг сайд нар ийм ойворгон байдаггүй л дээ. Засаг мөнгөтэй, завтай байгаа мөртлөө татвар, шимтгэл төлдөг хэсгийнхээ нурууг амраахыг хүссэнгүй. Улам ихийг татаж, өшөө илүүг шимэхийг хүсэж байна.
НДС жил бүр улсын төсвөөс 1.6 их наяд төгрөгийн татаас авч байгаа аж. НДШ-ийг 1% бууруулбал НДС-гийн орлого 265 тэрбум, 2% бууруулбал 520 тэрбум төгрөгөөр тасрах тооцоог Л.Энх-Амгалан сайд гаргажээ. Уг нь Засгийн газар үүнийг нөгөө талаас нь бас харах хэрэгтэй. Хоол, унааны мөнгө, давхар болон түр ажлын цалин, хөлснөөс НДШ, ХХОАТ авахаа боливол 13 мянган хүн ажилтай болно. Хувийн хэвшлийнхний төрд шимэгчлүүлэх мөнгө багасаж, НДЕГ-ын байцаагч нарын ажлыг хөлсгүй хийх ачаалал буурвал одоогийнхоосоо олон хүн ажилд авна. Тэд ч үүнийгээ хэлдэг. Төрд өгөх мөнгөөрөө хүн ажиллуулах хэрэгтэй байгаагаа тайлбарладаг.
Халамжаар биш, ажлаар ард иргэдээ тэтгэхийг төр чухалчлах ёстой. Тэгвэл хоол, унааны мөнгө, давхар болон түр ажлын хөлснөөс татвар, шимтгэл авахаа болиход л 13 мянган ажлын байр шинээр бий болох нь. Энэ олон хүн ажилтай, цалинтай болбол эргээд НДС-д НДШ суутгуулна. Засгийн газарт НДШ, ХХОАТ төлнө. Өнөө алга болох гээд байгаа хэдэн тэрбум төгрөг ийм хэлбэрээр буцаад орж ирнэ. Гэвч тэд хүсэхгүй байна.
Нийгмийн даатгалын сан орлогогүй болбол Тэтгэврийн санд эрсдэл учирна. Тэгнэ л дээ. Энэ эрсдэлийг Засгийн газар, улстөрчид өөрсдөө л бий болгосон. Одоо манай улс олон хуулиар тэтгэвэр тогтоож байна. НДШ төлсөн хүмүүсээс авсан мөнгөөрөө 1995 оноос өмнө НДШ огт төлж байгаагүй хүмүүст тэтгэвэр, тэтгэмж болгоод өгчихсөн. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж, 10 жилийг нөхөн төлөх тухай хууль баталсан. Үүнийг ашиглан, маш олон хүн малчин гэдэг нэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан. Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг наснаас нь эрт тэтгэвэрт гаргасан. Одоо төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жил нэмж байна. Үндсэн хуулийн цэцэд ганцхан жил ажилласан бол цалингийнхаа 60%-иар тэтгэвэр тогтоолгож, насаараа өндөр тэтгэвэр авч байна. Гэтэл энгийн байгууллагад ажиллаад, тэтгэвэрт гарсан хүнд цалингийнх нь 45%-ийг тэтгэвэр болгон өгч байна. Хүнийг хийж байгаа ажил, хашсан албан тушаалаар нь ингэж ялгаварлаж байна.
Энэ бүхний уршгаар НДС 5.6 их наяд төгрөгийн алдагдалд оржээ. Ганцхан тоо харъя. Тэтгэврийн даатгалын сангаас 2024 онд 509.5 мянган хүнд 4695.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ. 2023 онд тэтгэвэр авсан хүний тооноос 2024 онд тэтгэвэр тогтоолгосон хүн 12.5 мянгаар нэмэгдэж, олгосон тэтгэврийн мөнгө 1044.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Ийм болгосон буруутан нь улстөрчид өөрсдөө. Үүн дээр нэмээд ковидын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг энэ сангаас төлж, нэмээд 1 их наяд төгрөгийн алдагдалд оруулжээ. Одоо НДС нийт 6.6 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Үүний зэрэгцээ “Чингис хаан” банкнаас 96 тэрбум, “Капитал” банкнаас 58 тэрбум төгрөгөө авч чадаагүй, алдчихсан байна. Энэ бүх алдааг гаргаж, НДС-г хоосолсон улстөрчид одоо өөрсдийнхөө балгийг ажил хийдэг хэдэн хүндээ тохох санаатайгаар НДШ-ийг багасгахаас цааргалж байна.