Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны 11:40 цагаас “Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ. 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгч 105 тоот зарлиг гаргаж, Үндэсний бичиг соёлын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагт тэмдэглэх уламжлал тогтсон. Мөн монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох шат дараатай бодлогын хүрээнд Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны 1-р сараас эхлэн Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах болсон юм.
Монголын үндэсний музей Үндэсний бичиг соёлын өдрийн хүрээнд монгол бичгээ сурталчлах, таниулах зорилгоор тус музейн сан хөмрөгийн цуглуулгад буй монголчуудын уламжлалт бичиг үсгийн түүх, хөгжил хувьслыг харуулсан “Үндэсний бичиг – Өв соёл” үзэсгэлэнг нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнд Францын хаан Гоо Филиппт Ил хаан Өлзийтөөс илгээсэн захидал, Хар бухын балгаснаас илрүүлсэн үйсэн дээрх бичгүүд, монгол бичгээр туурвисан эртний ховор судар номнууд, бийр янтай, үнсэн самбар зэрэг бичгийн хэрэглэл, Манж ба Богд хаант Монгол улсын тамга тэмдгүүд, 1920-1940-өөд оны үеийн ном, сурах бичиг, сонин сэтгүүл, нэрт монголч эрдэмтэн В.Котвичийг Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнд өргөмжилсөн бичиг, Маршал Х.Чойбалсан, Ж.Самбуу тэргүүтэй төр засгийн удирдагчид, хөдөлмөрийн сайчуудад олгосон баярын бичиг, илэрхийлэлт, өргөмжлөлүүд, одон медалиуд, дээрээ монгол бичиг бүхий тамхины хайрцаг, цоож цуурганы зүйлс зэрэг нийт 100 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулна.
Үзэсгэлэн 2025 оны 5-р сарын 2-ны өдрөөс 12-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.