Сэлэнгэд энэ 7 хоногийн эхээр дэгдсэн түймрүүдийг бүрэн унтрааж дуусаагүй байхад дахин түймэр нэмж гарсаар байна. Тус аймгийн Түшиг сумын Арнуга багийн Аршүрэн гэдэг газар өчигдөр өглөө ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг гал сөнөөгчид 5-р сарын 1-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын Мэргэжлийн ангийн болон орон нутгийн иргэд уг түймрийг унтрааж байна.
Ерөө сумын Буурагчин багийн Майнзоонд 4-р сарын 29-ний 10:40 цагт гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Мандал сумын Мэргэжлийн ангийн болон аж ахуйн нэгж, байгууллага унтрааж байна.
Цагааннуур сумын 1 дүгээр багийн Дунд даваанд 4-р сарын 28-нд дэгдсэн түймрийг аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур, Түшиг сумын Мэргэжлийн анги, Тариа бригад, орон нутгийн иргэд хамтран, 5-р сарын 1-ний өдрийн 09:12 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртөж шатсан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 7064 га талбай өртөж шатсан юм.