Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн хараат бус зөвлөх, ХБНГУ-ын Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протцег Монгол Улсын Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан, өнөөдөр түүнд Төрийн ордонд шагналыг нь гардуулав. Монгол Улсын төрийн дээд шагналаар гадаадын сэтгүүлчийг анх удаа шагнаж байгаа нь энэ юм.
Манфред Протце Герман улсын Хэвлэлийн агентлагийн сэтгүүлч, мэдээний редактор, Хэвлэлийн Зөвлөлийн гишүүнээр 50 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн 10 гаруй жилд тэрээр Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоог үүсгэн хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд биечлэн оролцож, оюун санаа, эрдэм мэдлэг, туршлагын үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр өнөөдрийг хүртэл ХБНГУ-ын Хэвлэлийн Зөвлөлийн Өргөдөл, гомдол барагдуулах хорооны гишүүн, орлогч даргаар ажиллахдаа 20.000 гомдол шийдвэрлэхэд оролцжээ.

Тэрээр 2014 оноос хойш Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн 100 орчим гишүүн, ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах 30 гаруй сургалт, олон удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож, Герман болон бусад улсын хэвлэл мэдээллийн эрх зүй, өөрийн зохицуулалтын мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцаж, Монгол Улсад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мэргэшсэн баг бүрдэхэд мэргэжийн дэмжлэг үзүүлсэн юм. Мөн ХМЗ-ийн дүрэм, Үйл ажиллагааны журам, Гомдол хүлээн авах, барагдуулах журам, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зэрэг бодлого, зохицуулалтын баримт бичиг боловсруулах, Ёс зүйн хорооны шийдвэрт чанарын стандарт тогтооход зөвлөж дадлагажуулах зэргээр тасралтгүй тусалсаар ирлээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн Газрын болон шүүх, прокурорын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин болон өөрийн зохицуулалт, сэтгүүл зүйн ёс зүйн хариуцлагын өргөн хүрээний яриа хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Манфред Протце ХМЗ-ийг үүсгэн байгуулах, хөгжүүлэн төлөвшүүлэх, бэхжүүлэх, шинэ соёл бий болгох бүхий л үйл явдалд гардан оролцсон зөвлөх багшид зүй ёсоор багтана. Монгол Улсад чөлөөт, хараат бус, бие даасан, хариуцлагатай хэвлэл мэдээлэл хөгжүүлэн бэхжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний хөдөлмөрийг Монгол Улсын төр ийн үнэллээ.
