horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Сэргэлэн: Хуульчдын багтай болохоор ЭМЯ, ХЗДХЯ-нд хандана

post-img

Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын холбоо, Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос Монгол Улсын шүүхийн шүүгчдэд хандан захидал хэлбэрээр өргөдөл гаргасан юм. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэнгээс тодрууллаа.  

-Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын холбоо, Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоонд та бүхэн хэзээ хандсан юм бэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын холбоо (ЭШСОУХ), Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоо (АЭШСХ)-ноос манай Монголын 1 эмчийг хамгаалаад, ийм том захиа ирүүлнэ гэдэг бол Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээгээр Дэлхийд ямар хэмжээнд явж байгааг илтгэлээ. Үүнд бид маш их баяртай байгаа. Манай улс ЭШСОУХ, АЭШСХ-ны гишүүн болоод 10 жил болж байна. Манай олон эмч, эрхтэн шилжүүлэн суулгах багууд энэ холбооны гишүүн. Монгол ядарсан, ядуу улс. Эмч нар цалин багатай. Эдгээр холбооныхон манай эмч нарыг жилийн жилд харж үздэг. Жишээлбэл: Олон улсын хуралд оролцох бүртгэлийн хураамж 700 доллар байдаг. Биднийг энэ төлбөрөөс чөлөөлдөг.  

П.Батчулууны асуудалтай холбоотойгоор тэд эхлээд бидэнд асуулга тавьсан юм. ЭШСОУХ-ноос АЭШСХ-г хариуцдаг Кюри Ан гэж профессор бий. Түүнтэй 2 удаа онлаин хурал хийсэн. ЭШСОУХ-ны тэргүүлэгчид, АНУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Степ, Австралийн Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны профессор Жерри Мэй нартай 2 удаа онлаинаар хуралдсан.

-Тэд П.Батчулуун эмчийн талаар мэдэж, манайд асуулга тавина гэдэг бол энэ асуудал олон улсын анхаарал татсаныг харуулж байна. Тэд манайд ямар зөвлөмж өгөв?

-Яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэж тэд асуусан л даа. Бид болсон үйл явдлын талаар нэлээд тодорхой мэдээлэл өгсөн. Шүүх хурлын мэдээлэл дэлгэгдсэн байсан учраас П.Батчулууны охин Хонгорзул түүнийг орчуулж явуулсан. ЭШСОУХ, АЭШСХ бүх асуудлыг нэлээд тодорхой мэдэж байгаа.

1-рт, эдгээр холбооныхон дэргэдээ хуулийн маш том байгууллага ажиллуулдаг юм байна. “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгахад хуульчдын тусгай баг ажиллуулдаг. Танай Монголд ийм баг байдаггүй юм уу” гэж асуусан. Бид үнэнээ л хэлсэн.” Тийм баг байхгүй ээ” гэсэн.” Цаашид та нар эрхтэн шилжүүлэн суулгахдаа хуульчдын тусгай баг ажиллуулах ёстой. Тэгж байж энэ эмчилгээ цаашаа явна шүү” гэсэн зөвлөмж бидэнд өгсөн.

2-рт, “Эрхтэн шилжүүлэн суулгасан эмч Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн тохиолдол Дэлхийд анх удаа Монголд гарч байна. Үүнд маш их харамсаж байна. Олон хүний амь аврах процесст оролцож буй эмч нарыг Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй. Энэ бол олон улсын жишиг. Ямар нэг алдаа гаргавал Зөрчлийн хуулиар шийтгэдэг.  Тиймээс та нар цаашид Донорын хуульдаа энэ тухай маш сайн тусгаарай. Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэсэн заалтаа бүрмөсөн аваарай” гэж зөвлөсөн.

3-рт, “Цаашид эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг төр, засгийн хэмжээнд тусгайлан анхаарахгүй бол болохгүй юм байна” гэж зөвлөсөн. Солонгост эрхтэн жилжүүлэн суулгах эмчилгээг эрхэлдэг Киото гэж байгууллага бий. Киотогийн ерөнхийлөгч Мүүн профессор энэ хуралд оролцсон л доо. “Киото яг ийм хэцүү байдалд ажилладаг. Эрхтэн авах, хуваарилах байгууллагад янз бүрийн асуудал үүсдэг. Үүнийг хуулийн баг шийддэг. Донорын ар гэрийнхэнтэй хуульчдын баг уулздаг. Түүнээс элэг, бөөр шилжүүлэх суулгах багууд сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийдэггүй. Та нар хуулийн баггүй учраас аргагүйн эрхэнд ийм юм хийж байх шиг байна. Та нар дэргэдээ хуулийн багтай болоорой” гэж зөвлөсөн.

4-рт, “Эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол 1 хүний ажил биш. Дандаа багаараа ажилладаг. Хэрэв шийтгэхэд тулбал баг хариуцлага хүлээх ёстой. 1 хүнийг яллах ёс байхгүй” гэсэн.

-Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ЭМЯ-ны ажил. Үүнийг ЭМЯ-нд уламжилсан уу?

-Энэ захиа, хурлаар бидэнд маш бодууштай зөвлөмж өгсөн. Эрүүгийн хуулиар шийтгэх заалтыг зайлшгүй хасах шаардлагатай. Үүнийг УИХ-ын гишүүд болгоох байлгүй. Хуульчдын багтай болох асуудлыг ЭМЯ, ХЗДХЯ-нд тавина.

Захидлыг шүүхийн аль байгууллагад өгсөн бэ?

-Захидлыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулаад, Улсын дээд шүүхэд өгсөн. “Мөнхөд цохилох зүрх” ТББ-аар дамжуулан, ард түмэнд нээлттэй тавьсан. Мөн төрийн өндөрлөгүүдэд өгсөн гэж би ойлгосон.

-П.Батчулуун эмчид оноосон ялыг УДШ хэвээр нь үлдээчихвэл олон улсын шүүхэд хандах уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Энэ талаар П.Батчулууны өмгөөлөгч нартай ярилцаж байгаад шийднэ дээ.

-Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг биелүүлэх үүрэгтэй. Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын гэрээ байдаг уу. Түүнд манай улс нэгдсэн үү?

-ДЭМБ-ын дэргэд Эрхтэн шилжүүлэн суулгах алба байдаг. ДЭМБ-ын гишүүн улс бүр шууд тэр албанд харьяалагддаг. Эрхтэн шилжүүлэн суулгах Истанбулын декларяц бий. Монгол Улс үүнд нэгдсэн.

-Тэгэхээр Истанбулын декларяцыг Монгол Улс биелүүлэх үүрэгтэй юм байна. П.Батчулуун эмч ч олон улсын шүүхэд хандах боломжтой гэсэн үг юм байна. Тийм үү?

-Тийм.  

0/1000