horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эдийн засагч А.Батпүрэв: Гадаад валютын цэвэр нөөц яг хэд байгааг Монгол банк мэдээлэхгүй байна

post-img

Монгол банк болоод Сангийн яамнаас Монгол улсын гадаад валютын нөөц хангалттай байгаа гэдэг тайлбарыг өгсөөр байгаа ч ам.долларын ханшийн өсөлт арай өөр прогнозыг эдийн засагт мэдрүүлсээр байна. Тэгвэл судлаач, эдийн засагч А.Батпүрэвээс эдийн засгийн төлөв байдлын талаар тодрууллаа.

-Төв банк, ЗГ-аас Монгол улсын эдийн засагт санаа зоволтгүй гэдэг тайлбар өгсөөр байна. Гэвч ам.долларын ханшийн өсөлт гаарлаа. Өнөөдөр Монгол банкны ам.долларын нэрлэсэн ханш 3571, арилжааны банкнуудад 3590 төгрөгөөр борлуулагдаж байна шүү дээ.

– 2025 он гарснаас хойш Монгол банк 2-р сард 700 гаруй сая доллар, одоо бол тэрбум шахам ам.доллароор интервенц хийж валютын ханшийн огцом савлагааг саармагжуулж байна. Өнгөрсөн онд мөн нэлээн их хэмжээний доллароор интервенц хийсэн. 2024 онд их хэмжээний валютаар интервенц хийсэн төдийгүй сонгуулийн жил байсан гэдэг утгаараа ханшийг хөдөлгөхгүй удаан хугацаанд барьсан. Гэтэл гадаад нөхцөл байдал бага багаар дордсоор байсан шүү дээ. Энэ он гарснаас хойш тэр нөхцөл байдлаараа үргэлжлэх боломжгүй болж байна. Хэмжээ хязгаартаа тулсан. Одоо албаны хүмүүсийн ярьж байгаагаар гадаад валютын нөөц 5 тэрбум доллар. Гэвч энэ мөнгөн дүн 10 жилийн өмнө валютын балансыг барьж дөнгөдөг байсан байх. Одоо 10 жилийн өмнөхөөс эдийн засаг тэлсэн гэдгийг бодолцох ёстой. Хэрэгцээ шаардлагатайгаа харьцуулахад бага байна гэсэн үг. Абсолют мөнгөн дүнгээрээ 10 жилийн өмнөх Монгол улсын импортын хэрэглээтэй харьцуулж болохооргүй нөхцөл үүссэн. 2-рт валютын нөөц гэдэг тэр дор нь гаргаж интервенц хийгдэхэд зориулагдсан зүйл бас биш. Нөөц гэдгийг ойлгох хэрэгтэй. Орж ирж байгаа доллар багасаад байхад Монгол банк интервенц хийгээд ханшийг тогтворжуулаад байх бололцоо үндсэндээ байхгүй. Цаашдаа бодит нөхцөл байдлыг үнэлж ханшаа сулруулаад явахаас өөр сонголт бидэнд үлдээгүйг ойлгох ёстой. Хамгийн гол асуудал энэ бүхэн өнөөдөр үүссэн эрсдэл биш. Аль жилийн өмнө нүүрсний үнэ унах нь тодорхой байсан. Бид тэр үеэс л төсвөө танаж, мөнгөний бодлогоо цикл угтаж хэрэгжүүлэх ёстой байсан. Бодлого боловсруулагчдын үйлдэл хожимдоод байгаа учраас эдийн энэ хүндрэл ард иргэдэд шок болж ирээд байна л даа.

-Цаашдаа бид яах ёстой вэ?

-Богино хугацаандаа эдийн засгийн хүндрэлийг өвдөлт багатай даван туулахын тулд доллароор олох орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Цаашлаад урт хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэх эсвэл эдийн засгаа солонгоруулж доллар олох эх сурвалжаа нэмэх шаардлагатай. Гэхдээ дунд урт хугацаандаа гадаад нөхцөл байдал сэргэх боломж ч тэр бүр харагдахгүй байна.

-Өрийн нөхцөл байдал бидэнд хүндрэл учруулж байж болох уу?

-Бид Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 орчим хувьд барина гэж үздэг. 2025-2026 онд төлөх өрийн төлөлтүүдийг хойшлуулчихсан. Гадаад валютын нөөц 5 тэрбум гэж ярьж байгаа. Тэгвэл богино хугацаанд төлөх өр төлбөрүүд гадаад валютын нөөцөд хамрагдаад тоологдоод байдаг. Засгийн газрын валютаар төлөх төлбөрүүд, хүүгийн төлбөр, төв банкны өөрийн төлбөр тооцоо гээд энэ бүх зардлуудыг хасаж байж гадаад валютын цэвэр нөөцийг тогтоодог. Энэ нөөц хангалттай хэмжээнд байхгүй болов уу. Монгол банк ч гадаад валютын цэвэр нөөцийнхөө дүнг ерөөсөө мэдээлэхгүй байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000