УИХ дахь ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдын чуулганы индрээс хэлсэн үгтэй холбоотой аваад байсан завсарлагаа дуусгаж энэ 7 хоногт нэгдсэн чуулганы хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ үеэр үүсээд буй асуудалтай холбоотой албан ёсны байр сууриа илэрхийлээ. Тэрээр өнөөдөр УИХ дахь ардчилсан намын бүлгийн даргатай хамт Монгол улсын Ерөнхий сайдтай уулзсан байна. “Буруу зөрүү ойлголт, хардах сэрдэх асуудал улстөрд байдаг. Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан. Асуулт асуусны маргааш өдрөөс миний хувийн амьдрал уруу, миний үр хүүхдийг минь хавчуулсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл битүү тарлаа. Энэ асуудлыг би иргэн хүний хувьд холбогдох байгууллагад өгч шалгуулна” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Ерөнхий сайд бид хоёрын үл ойлголцол, чуулганы танхимд болсон ярианаас болж ардчилсан намыг харлуулах гэсэн явуургүй үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гүтгэлэг гэдэг өөрөө хэмжээ хязгаартай. Би өмнө нь төсвийг шүүмжлэхэд намайг өвчтэй гэж яриад эхэлсэн. Өнөөдөр бол 10 дахь хоног дээрээ миний хүүхдийн зургийг тавиад гүтгэсэн учраас би гомдол гаргаж, ханддаг газар нь хандана. Иргэд шүүмжлээд хүрэхгүй байгаа учраас бид танхимд байгаагийн хувьд шүүмжилж байж л урагшилна гэж боддог. Бурууд би үргэлж хурц байна. Би таны уучлалыг хүлээн авлаа. Гэхдээ би шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ” гэдгээ ерөнхий сайдад хэлсэн гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдэгдлээ.