Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Marvel болон Диснейн хамтын бүтээл болох “Thunderbolts” кино нээлтийн долоо хоногтоо олон улсын хэмжээнд нийт 162 сая ам.долларын орлого олж, кино театрын орлогоороо тэргүүлээд байна.
Уг кинонд аюулд ороод буй дэлхий ертөнцийг аврахын төлөө нэгдэж буй, өмнөх Марвелын кинонуудын туслах дүр болох олонд бага танигдсан супербаатруудын талаар өгүүлдэг байна.
Киноны гол дүрүүдэд жүжигчин Флоренс Пью (Елена Белова), Себастьян Стэн (Баки Барнес/Өвлийн цэрэг), Дэвид Харбор (Улаан хамгаалагч), Жулиа Луис-Дрейфус (Валентина Аллегра де Фонтэн), Уайт Рассел (АНУ-ын агент), Ольга Куриленко (Таскмастер), Ханна Жон-Камен (Ава Старр/Сүнс) нар тогложээ.
Энэхүү шинэ кино нь “Avengers: Endgame” кино гарснаас хойш үзэгчдийг татах нь багасаад байсан Марвелын цуврал бүтээлүүд дундаас хамгийн өндөр үнэлгээ авсан киноны нэгээр тодроод байгаа юм.
Кино шүүмж, үнэлгээний Rotten Tomatoes вебсайт дээр “Thunderbolts” кино 95%-ийн үнэлгээг үзэгчдээс авсан байна. Тус кино дээрх вебсайтад Марвелын “Шанг-Чи ба арван бөгжний домог” болон “Хүн-аалз: Харих зам үгүй” кинонуудтай ижил өндөр үнэлгээ авсан гурав дахь кино болжээ.
Кино шүүмжлэгчид мөн уг киног өнгөрсөн жил өндөр амжилт үзүүлсэн “Deadpool & Wolverine” киноны нэгэн адил гол бус туслах дүрүүдийг илүү тодруулан харуулсан бүтээл болсныг онцолж байна.
Мөн “Thunderbolts” кино нь ирэх жил нээлтээ хийх “Avengers: Doomsday” киноны урьтал болон гарч буй гэдгээрээ онцлог бөгөөд уг киноны араас “The Fantastic Four: First Steps” хэмээх Марвелын дараагийн нэгэн шинэ бүтээл нээлтээ хийхээр хүлээж байгаа юм. Тус кино ирэх 7-р сард нээгдэх болно.