horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

А.Ганбаатар: Монголд эдийн засгийн, өмчийн эрх чөлөө улам хумигдаж байна

post-img

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай ярилцлаа.

———————————————————————-

-Ардчилал гэж юу вэ. Тэр дундаа Монголын ардчиллын онцлог, ач холбогдлын талаар санал, бодлоо хуваалцахгүй юу?

-Би саяхан УИХ дээр Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг х элэлцэхэд хэлсэн. Ардчиллын амин чухал зүйл нь иргэн хүн эрхээ эдлэх, тэгээд хүн бүрд тэгш боломж олгох явдал юм. Сонгуульд тэр тусмаа. Тийм учраас Сонгуулийн хуулиараа иргэн бүрд, сонгогч, нэр дэвшигч бүрд тэгш боломж өгөхийг хангахаас ардчилал эхэлж байна даа.

-Тэртээ Цагаан морин жил бид үнэт зүйл, үзэл баримтлалаа тайван замаар, цус гаргалгүй азаар ч гэх үү олоод авчихсан. Тиймээс өнөөгийн монголчууд ардчиллын үнэ цэнийг дутуу үнэлээд байна гэх шүүмжлэл гардаг. Та үүнтэй санал нэг байна уу?

-Тантай би зарим талаар санал нэг байна. 1990 онд үзэл баримтлалаа тайван замаар тэмцэн олж авсан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн замыг сонгож авсан. Бусад оронд болдог шиг хүний амь эрсэдсэн, цус урссан үйл явдал болоогүй. Цонх ч хагалаагүй, хүний хамраас цус ч гаргаагүй гэдгээрээ Монголын ард түмэн гадаадад их нэр хүндтэй байдаг. Энэ нь сайн тал боловч өнөөдөр эргээд харахад бас сул тал болсон байж магадгүй.

-Энэ талаар тодруулж ярихгүй юу?

-Бид “Том зовлон дээр нэгдээгүй ард түмэн” болж хувираад байгаа юм л даа. Бүх насаараа, Чингисийн үеэс эхлээд монголчууд ямар нэгэн дайн дажин, өлсгөлөн гуйланчлал, олон хүнийг хамарсан тахал өвчинд нэрвэгдэж, зовж явсангүй. Тэгэхээр тэнгэрийн хишигтэй, их буянтай ард түмэн юм байна. Нөгөө талаасаа зовлон хүнийг нэгтгэдэг. Тухайлбал, манай Азиас гэхэд Солонгос, Японы ард түмэн ямар их зовлон зүдгүүр туулж байж өнөөдрийн энэ ардчиллын ололт амжилттай эдийн засгийг бэхжүүлсэн бэ гэдгийг эргээд харвал бид харьцангуй бага зовлон үзсэн ард түмэн. Заавал цус урсгаж байж амжилтад хүрдэг юм бол биш л дээ. Гэхдээ өнөөдөр бид бодит байдал, агуулгаа эргэн харж, “Энхийн цагт хөлс их урсвал дайны цагт цус бага гарна” гэдэг шиг энэ ололт амжилтаа бататгахын төлөө, эргээд ардчиллын суурь ойлголтууд руу, хүний эрхийг хамгаалахын төлөө явахгүй бол эдийн засгийн болон өмчийн эрх чөлөө Монголд улам хумигдаж байна. Тийм учраас бид түүхээ, бас зовлон жаргал, юун дээр нэгдэх ёстой вэ гэдгээ эргэн харах цаг болсон байна.

-Та хуульч, сэтгүүлч мэргэжилтэй улс төрч. Анхны 126 гишүүнтэй парламентад анх удаагаа сонгогдон ажиллаж байна. Парламентын ардчилал, олонхын засаглал гэдгийг та хувьдаа юу гэж ойлгодог вэ. Яг дотор нь ороод ажиллахад ардчилал байна уу?

-Би бакалавраа сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Дараа нь мастераа хуульч, эрх зүйч мэргэжлээр хамгаалсан. Анхны 126 гишүүнтэй парламентад жагсаалтаар сонгогдсон. Анх удаа Их хуралд, хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа, туршлага нимгэн байгаа байх. Гэхдээ би улс төрийн тогоонд 20-30 жил буцалж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулжээ. Олж авсан туршлагадаа суурилаад, шинэ мэдлэг, шинэ тогтолцоонд зохицоод ажиллаж чадна гэж итгэдэг. Манай уншигчид мэдэж байгаа гэж бодож байна. Яагаад Парламентын гишүүний тоог 126 болгосон бэ гэвэл, Парламентын засаглалыг Монголд тогтвор той оршин тогтоох, нэг хүний эрхшээл, нэг хүний удирдлагад Монголыг өгөхгүй байх, дарангуйллын систем рүү оруулахгүй байх гэсэн үндсэн логик ойлголттой сонголт байсан. Хэдэн жилийн өмнөөс бэлтгэл нь хийгдэж, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудад зохих өөрчлөлтүүд орсон. Үүний үр дүнд Монгол Улсад парламентын засаглал бүрэн тогтож, улам тогтвортой, удаан ажиллана гэж бодож байна. 126 дотор наяад нь шинэ гишүүн. Тэдэн дунд зөвхөн улстөрч биш олон талын салбарын эрдэм мэдлэгтэй, гадаад дотоодод төгссөн, шинэ өнгө төрх тодорхойлсон гишүүд олон бий. Энэ нь парламентыг олон өнгөтэй, олон ургальч үзэлтэй, сайн болгож байна. Намын шугамаар гэдэг юм уу тодорхой үүрэг гүйцэтгэдэг гишүүн цөөхөн, харин өөрсдийнхөө үзэл санааг илэрхийлдэг, өөрсдийнхөө мэргэжлийнхээ хүрээнд олж авсан мэдлэгтэй, Монгол орондоо, бас хүмүүст хэрэг болох юмаа хэлж чаддаг гишүүд олон байгаа учраас энэ удаагийн парламент аль нэгэн улс төрийн хүчний гарт орж явахгүй гэж итгэж байна. Энэ нь парламентын эрүүл, зөв тогтолцоо юм.

-АН-ын хувьд сүүлийн хоёр жил л эв нэгдлээ түр олчих аятай явж байгаагаас биш өмнө 10 орчим жил талцаж, тарсан байлаа шүү дээ. Энэ хугацаанд танай намын гишүүдийн үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэх, итгэх итгэл суларсан гэж судлаачид хэлж байна. Үүнтэй та санал нэг байна уу?

-Сүүлийн жилүүд манай намын гишүүд, удирдлагуудын хооронд үл ойлголцол үүссэн он жилүүд байсан. Намынхаа тамгыг авах, намын байраа янзлах, гишүүдийнхээ итгэл үнэмшлийг хамгаалах гээд алдаа, оноо гарсан. Гэхдээ 2024 оны сонгуулийн өмнө Л.Гантөмөр даргатай АН буцаад энэ байдлыг засаж сэргээн, намын эв нэгдлийн төлөө алхсан. Одоо манай нам нэг даргатай, нэг тамгатай, нэг байртай, нэг үзэл санаатай, гишүүдтэй нам болон эргэн төлөвшиж байна. Мэдээж одоо ч зарим нэг сорилт байгаа. АН 1996 онд парламентад орохдоо АН, СДН, Үндэсний АН, Хөрөнгөтний нам гээд олон төлөөлөлтэй байсан. 2000 оны сонгуульд том ялагдал хүлээсний дараа дан дангаараа нам байх нь утгагүй юм байна гэдгийг ойлгож, ардчиллын төлөөх намууд нэгдэж, АН гэдэг нэрийн дор 5 намын төлөөлөл нэгдэж орсон шүү дээ. Энэ бол нэг талдаа өнөөдрийн тус тусдаа фракцууд үүсэх нэг шалтгаан болсон. Нөгөө талдаа, олон ургальч үзлийг нэгтгээд, АН-ын туг дээр цаашаа авч явах сайн талтай. Энэ үйл явц өрнөж байна. Намынхаа гишүүдэд хэлэхэд, АН бол хэзээд олон ургальч үзлээ, цөөнхөө хүндэтгэнэ. Олонхынхоо шийдвэрийг дагаад явдаг энэ зарчим дээрээ цаашаа явах нь зөв. Зөв зарчим дээр тогтнох нь зөв гэж бодож байна.

-Ер нь үзэл баримтлал, үнэт зүйл дээр тогтоно гэж юуг хэлээд байна вэ. Үзэл баримтлалаа чин шударгаар дагадаг хүнд ямар өгөөж бий болох боломжтой вэ?

-Нийгэм, эдийн засгийн байгууламжийг хэрхэн ард түмэндээ үр өгөөжтэй, монгол хүний амьдрал дээшилсэн байдлаар хөгжүүлэх вэ гэдэг үзэл санаа, концепц юм шүү дээ. Энэ үзэл баримтлал дэлхий дээр олон янз, чиглэлтэй байдаг. Манай намын хувьд ардчилсан үзэл санаа, чөлөөт зах зээлийг урдаа тавьж, баруун төвийн үзэл баримтлалтай нам гэж дүрэмдээ заасан. Баруун төвийн үзэл баримтлал гэж юу вэ гэдгээ бас эргэн харах цаг үе ирээд байна. Зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар энэ үзэл санаануудад жаахан өөрчлөлтүүд орж байна. Тэгэхээр бид баруун төвийн үзэл баримтлал дээрээ нэмээд, үндэсний үзлээ сэргээх, Монгол үндэстний онцлог, айдентитиг тодруулах шаардлага гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, намынхаа үзэл санаан дээр зөвхөн баруун төвийн үзэл баримтлал гээд хатуу зогсоод байх биш, яаж баяжуулж, үндэсний эрх ашгийн төлөө агуулга оруулах вэ гэдгээ эргэж харах цаг нь ирсэн. “Зарчим үргэлж ялдаг” гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр бид монгол хүнийг сайхан амьдруулах, эдийн засгийн эрх чөлөө өгөх, хувь хүний эрх чөлөө, өмчийн эрхийг хамгаалах чиглэлд л явах ёстой. Энэ зарчим дээрээ хатуу чанга, нэгдмэл байж чадвал бид үр дүн, амжилтад хүрсээр байх болно. Өнөөдөр гажуудаж байгаа зүйлүүд байгаа бол бүгд хамтдаа засаад явна аа.

-АН, МАН эсрэг тэсрэг ойлголттой улс төрийн хүчнүүд. Гэтэл бодлогын түвшинд хамтарсан нь үзэл баримтлалын зөрчил бий болгохгүй гэж үү. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хамтарсан Засгийн газраас улс эх оронд, хувь хүнд хэрэгтэй энэ шийдлүүд гарч, тэрийг олон нийт дэмжиж байвал 2-3 нам хамтарсны хэрэг гарна. Мэдээж улс төрийн хүчнүүдийн үзэл санаа, үзэл бодол өөр учраас намын зарим гишүүд энэ хамтралыг дэмжихгүй байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ том зургаараа эх орны хөгжлийн төлөө хамтарч хийсэн ажлуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үзэл бодлын зөрчил, тухайлбал энэ хамтралын дор хүний эрх зөрчих, эдийн засгийн эрх чөлөөг хумих байдал гарч байгаа бол АН хэдийгээр хамтарсан ч намынхаа гишүүдтэй нийлээд цаашдаа засгаас гарчихаж болно шүү дээ. Энэ талаар чөлөөт гишүүд үгээ хэлээд, цаашид тэмцээд явах бүрэн эрхтэй. Гол нь энэ хамтралаас Монгол Улс, монгол хүн хожих ёстой, Монгол компани хожих ёстой. Хэрвээ хүний эрх, иргэний өмчийн эрхийг зөрчвөл энэ хамтралын нас хэр урт байх нь ойлгомжтой. Тэгэхээр би үргэлж АНынхаа ардчилсан үзлийг дэмждэг гишүүдийнхээ талд зогсох болно.

-Энэ хамтрал танай намын дараа дараагийн сонгуульд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

-2028 оны сонгуулийг одоо, өнөөдөр тааж хэлэхэд арай эрт байна. Ер нь хамтралын насыг ч тааж хэлэхэд эрт юм. Уул үзээгүй байж хормой шуугаад яах вэ дээ.

-Танай намын удирд лагууд засагт хамтарснаараа эгэл жирийн гишүүдэд баримтлалаасаа ухрах, урвах сэдэл төрүүлчихлээ гэсэн болгоомжлол байна. Тиймээс жирийн гишүүдийнхээ үзэл баримтлал, үнэт зүйл, итгэлцэл төөрөлдсөн гэж үзвэл тэрхүү чигээ та бүхэн эргээд яаж сэргээх юм бэ?

-Эсрэг тэсрэг гэж хэлж болох, өөр өөр үзэл бодол, концепцоор улс орноо хөгжүүлье гэсэн намын бодлогууд байдаг. Зөвхөн Монголд ч биш, гадаадад зөрүүтэй үзэл бодол зөндөө байдаг. АН, МАН анх удаагаа нийлж засаг барьж байгаа юм биш ээ. Өмнө нь хамтдаа төр барьсан хамтарсан Засгийн газрын олон жишээ бий шүү дээ. 2008 онд С.Баярын удирдсан Засгийн газар “Стандарт бус Засгийн газар” гэж байгуулж, АН-ыг засагтаа урьж, том том төслүүдийг шийдэхийн төлөө явсан. Үүний үр дүнд Оюу толгойн гэрээ байгуулагдсан шүү дээ. Өнөөдөр АН, МАН, ХҮН намын хамтарсан Засгийн газар байна. Энэ цаг үед 14 мега төслийг амлаж аваад, үүнээс зарим нь амжилттай хэрэгжээд эхэлж байна. Хамтарсны давуу тал бол улстөржихгүйгээр, улс орны хөгжил, эдийн засаг, хүний амьдралд дэд бүтэц, том төслүүдийг явуулах нэгдсэн шийдэл гаргахад хэрэгтэй байдаг. Тэгэхээр өөр өөр үзэл бодолтой нам аль нэг нь хэт давамгайлаагүй нөхцөлд хамтрах боломжтой. Ингэснээр улс төрөөс болж шийдэгддэггүй, улс орны хөгжилд чухал хэрэгтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг, тэдгээрээс гарах үр дүнг олж харж, үнэлж чадвал итгэлцэл, үзэл баримтлал огт өөрчлөгдөөгүйг ойлгоно гэж итгэж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин

0/1000