Эрүүл мэндийн салбарт нийт 1,115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6% нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4% нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3% нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2%-д эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод туссан Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн төдийгүй үүний үр дүнд Монгол Улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтот түвшинд хүргэн бууруулж чадсан 9 орны нэг болжээ.