Та үүнийгээ мэдээгүй байх. Би харин сая л мэдлээ. Мэдээд маш их цочирдлоо. МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор, Гавьяат багш Х.Цоохүү, доктор Н.Тэгшбаяр, Химийн тэнхимийн профессор, доктор О.Болормаа нар Монгол орны ундны усан дахь ураныг судалжээ. Энэ судалгаандаа тулгуурлан, 2020 онд “Монгол орны ундны санд агуулагдах ураны тархалтын зураг” гаргасан байна. Үүнээс харвал манай орны зүүн хэсэгт хойноос урагш тархсан уран байдаг аж. Энэ бүсэд орших Дорноговь, Дорнод аймгаас ураны орд илэрч байгаа нь ч ойлгомжтой боллоо. Улаанбадрахын мал уранд хордож байна гэж малчид сэжиглээд байгаагийн учир ч тодорхой болов.
1 л усанд 30 мкг уран байвал тэвчиж болно
Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх ус нийлээд 564.8 шоо метр. Үүний 10.8 шоо км нь газар доор оршдог. 1 шоо км ус гэдэг бол 1 тэрбум тонн ус гэсэн үг. 10.8 тэрбум тн ус маань 2040 он гэхэд дуусна. 15-хан жилийн дараа. Монголчууд бидний уудаг усны ихэнх нь газрын гүнд байдаг. Газарт байгаа усанд тэнд байгаа бүх юм шингэсэн байх нь ойлгомжтой. Хөрс шороонд байдаг химийн бүх бодис усанд шингэнэ. Тиймээс ч усан дахь химийн найрлагыг судлаачид судалж, унданд хэрэглэж болох, үгүйг тогтоон, стандарт бий болгосон байдаг.
Манай улс ч ийм “Усны чанарын стандарт”-тай. Ундны ус заавал стандарттай байх ёстой. Усан доторх эрдэс их байвал хүнд зохихгүй. Бүх юм хэмжээ, хязгаартай. Говийн ус эрдэс ихтэй учраас бусад нутгийн хүн очиж уугаад, хордлогод ордог аж.
Ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын стандартыг 2018 онд баталжээ. Ундны усанд аммони, нитрат, нитрит, кальц, магни, натри, сульфат, хлорид, зэс, төмөр, цайр, уран гэх мэт эрдэс байдаг. Заавал байх албагүй л дээ. Хүний ундны усанд 0.03 ппг буюу 30 мкг/л уран байхыг ДЭМБ, Монгол Улс зөвшөөрдөг. Энэ бол хүлцэх хэмжээ. Дэлхийд, байгальд тэртэй тэргүй байдаг хорыг хүн яаж ч чадахгүй учраас хүлцэхээс өөр аргагүй. Тиймээс хүлцэх хэмжээ гэдэг үзүүлэлт бий болгожээ. Уран 1 литр усанд 30 мкг байвал тэвчиж болно гэсэн үг.
1789 онд ураныг нээж, 1824 онд хоруу чанартайг, 1888 онд бөөрний үйл ажиллагаанд нөлөөлдгийг, 1896 онд радио идэвхит чанартайг илрүүлж, 1943 онд ураны хорыг судалж эхэлжээ. Алт, зэс, молибдентэй уран зэрэгцэн оршдог. Хөрс, агаар, гадаргын, гүний усанд уран байж л байдаг. Уран байгаль дээр уранинит, аутунит гэсэн 2 эрдэс хэлбэрээр оршдог. Нэгэнт байгаль дээр энэ бодис байдаг тул агаар, тоос, хоол хүнс, усаар дамжин хүний биед өдөр бүр бага багаар уран орж байдаг. Яах ч аргагүй.
Хамгийн их урантай ус хаана байна вэ
Монгол орны усанд уран байгаа эсэхийг 2011 онд оросууд анх хийжээ. Тэд баруун аймгуудын давст нуур, гүний усыг судалсан байна. Мичиганы их сургууль 2010-2012 онд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн усан дахь ураныг, 2012-2014 онд Монгол, Орос болон Монгол, АНУ-ын судлаачид баруун аймгуудын давст нууруудын усан дахь ураныг тодорхойлжээ.
Тэгвэл МУИС-ийн физикч, химич нар хамтран, эх орныхоо бүх аймгийн усан дахь ураныг судлаад, гаргасан дүнг энд танилцуулъя. Тэд 21 аймаг, 298 сум, нийслэлийн ундны усыг судалгаандаа хамруулжээ. Ингэхдээ хоорондоо хамааралгүй худгуудаас дээж авч, газар дээр нь 10 гаруй төрлийн хэмжилт хийж, лабораторид нарийвчлан шинжилжээ.
Уран голдуу уулын чулуулагт байдаг. Маш хүнд металл учраас усанд тийм ч амархан уусдаггүй. Монгол орны 1000 гаруй уст цэг, 304 сумын ундны уснаас дээж авч судлахад, ураны дундаж агуулга 14 мкг/л гэж гарчээ. ДЭМБ болон Монгол Улсын ундны усанд байж болохыг зөвшөөрсөн ураны агууламж 30 мкг/л. Ингээд харьцуулбал дажгүй. Монголын усыг ууж болно.
Тэгвэл аймгуудын гүний усан дахь ураны агууламж яаж гарсныг харцгаая.
- Дорноговь – дундаж агууламж 51, хамгийн их агууламж 347,
- Говьсүмбэр – дундаж агууламж 31, хамгийн их агууламж 71,
- Сүхбаатар – дундаж агууламж 26.2, хамгийн их агууламж 67,
- Дундговь – дундаж агууламж 22.3, хамгийн их агууламж 72,
- Төв – дундаж агууламж 21, хамгийн их агууламж 238,
- Увс – дундаж агууламж 17, хамгийн их агууламж 79,
- Дархан-Уул – дундаж агууламж 16.3, хамгийн их агууламж 4-45,
- Хэнтий – дундаж агууламж 16, хамгийн их агууламж 90,
- Завхан – дундаж агууламж 15.9, хамгийн их агууламж 95,
- Дорнод – дундаж агууламж 14.9, хамгийн их агууламж 236
- Ховд – дундаж агууламж 12, хамгийн их агууламж 84,
- Сэлэнгэ – дундаж агууламж 12, хамгийн их агууламж 69,
- Өвөрхангай – дундаж агууламж 11, хамгийн их агууламж 64,
- Архангай – дундаж агууламж 10.4, хамгийн их агууламж 47,
- Баянхонгор – дундаж агууламж 9.9, хамгийн их агууламж 90,
- Хөвсгөл – дундаж агууламж 9.8, хамгийн их агууламж 35,
- Булган – дундаж агууламж 7.9, хамгийн их агууламж 91,
- Өмнөговь- дундаж агууламж 6.9, хамгийн их агууламж 22,
- Орхон – дундаж агууламж 6.5, хамгийн их агууламж 12,
- Говь-Алтай – дундаж агууламж 5.9, хамгийн их агууламж 13,
- Баян-Өлгий – дундаж агууламж 2.6, хамгийн их агууламж 11 мкг/л
Ундны усны стандартаар Дорноговь, Говьсүмбэр аймгийнхан уран ихтэй ус ууж байна гэсэн үг. Дорноговийн 50 худгаас дээж авахад, 24 худгийн усан дахь уран 30 мкг/л-ээс их гарчээ.
Ус нь хамгийн их урантай аймгийн төв бол Сайншанд, Чойр, Баруун-Урт, Мөрөн, Чойбалсан. Тухайлбал: Сайншандын 12 худгаас дээж авчээ. 15-30 мкг/л урантай 4 худаг, 31-60 мкг/л урантай 3 худаг, 61-90 мкг/л урантай 3 худаг, 90 мкг/л-ээс их урантай 2 худаг байжээ. Улсын хэмжээнд хамгийн их урантай ус Дорноговьд байгаа аж.
Говьсүмбэрийн 13 худгийн 6-д, Сүхбаатарын 28 худгийн 11-д, Дундговийн 45 худгийн 10-т, Хэнтийн 41 худгийн 8-д, Увсын 21 худгийн 4-т, Төв аймгийн 96 худгийн 18-д, Дарханы 6 худгийн 1-д, Ховдын 21 худгийн 3-т, Завханы 48 худгийн 6-д, Дорнодын 50 худгийн 6-д нь уран хүлцэх хэмжээнээс их байна.
Уранаас хаашаа зугтах вэ
Хүлцэж болох хэмжээнээс их урантай ус ууж байгаа Дорноговь, Говьсүмбэр аймгийнхан яах вэ6 Урангүй цэвэр ус ууя гээд Улаанбаатар луу зугтах уу? Тэгвэл хотынхон урангүй цэвэр ус ууж чадаж байгаа эсэхийг үзье.
Улаанбаатар хотын Нисэх, Шаргаморьт, Аржанчивлан, Өвөржанчивланд уран их байгаа нь тодорхой болжээ. 2009 онд О.Чулуун, Н.Н.Бобровский нар хөрсөн дээрх ураны цацрагийг судалсан аж. Уг судалгаагаар илрүүлсэн урантай газрууд Х.Цоохүү, Н.Тэгшбаяр, О.Болормаа нарын судалгааны дүнтэй таарчээ. Дорноговь, Говьсүмбэр аймгийнхан хот руу нүүгээд ч нэмэргүй нь үүнээс тодорхой. Улаанбаатарынхан ч бас урантай ус ууж байна.
Х.Цоохүү, Н.Тэгшбаяр, О.Болормаа нарын уг судалгааны дүнгээ Япон, БНСУ руу илгээж, тэндхийн судлаач, лаборант нараар шалгуулж, 2016 онд судалгааныхаа дүнгээ гаргасан байна. Тэгэхээр энэ бол олон улсын лавлагаа лабораториор баталгаажуулсан, баттай судалгаа гэсэн үг. Дүнд нь эргэлзэх хэрэггүй.
Улаанбаатарын ундны усан дахь ураны дундаж агуулга 5.9 мкг/л гэж гарчээ. Бразилд энэ үзүүлэлт 0.39, Канадад 0.4, Швейцарт 0.77 мкг/л байна. Монголын нийслэлд амьдардаг хүмүүс Дэлхийн бусад улсынхаас 3-7 дахин их урантай ус ууж байгаа биз.