Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүнтэй дээрэнгүй харилцсаныхаа төлөө уучлал гуйсан гэдэг шалтгаанаар өчигдөр АН эсэргүүцлээ зогсоож, чуулганы үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Уг нь АН-ын анх тавьсан шаардлагаар бол чуулганы нэгдсэн хуралдааны танхимд Ерөнхий сайд уучлал гуйх тухай байсан юм.

Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Баярмаа гишүүнийг өрөөндөө дуудаж байгаад уучлал гуйсан гэдэг мэдээлэл байна. Үнэхээр уучлал гуйсан эсэх нь тодорхойгүй. Засгийн газрыг хамтран байгуулсан гэдэг шалтгаанаар АН-ын дарга Л.Гантөмөр УИХ дахь АН-ын хийж байсан эсэргүүцлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Магадгүй сайд дарга нарынхаа шахаасаар уучлал гуйсан болгоод өнгөрье гэдэг тохироонд хүрсэн байхыг ч үгүйсгэх арга байхгүй.

Чуулганы танхимд гишүүн, сайд нар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Тийм ч учраас гишүүд, сайд нар дур зоргоороо аашлах явдал нэг биш гарч байсан түүх цөөнгүй.

Тэгээд ч Ерөнхий сайдыг оролцуулж, уучлал гуйлгах журам чуулганы үйл ажиллагааны дэгд байхгүй гэж УИХ-ын Тамгын газар тайлбарлан, АН-ын бүлэгт шахалт үзүүлж байсан болж таарч байна.

Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд руу хандсан АН-ын улс төрийн акц нь парламентын засаглалынхаа толгой дээр суучихсан Засгийн газарт хуулийн хүрээнд олгогдсон эрэмбийг нь ойлгуулахад чиглэж байсан. Гэхдээ тэдний хийсэн энэ удаагийн тэмцэл амжилт олсонгүй.

УИХ-ын байр суурь Засгийн газарт хяналт тавихад чиглэх учиртайг сануулах гэсэн АН-ын тэмцлийг парламентын бусад гишүүн нь дэмжээгүй төдийгүй олон нийт ч дэмжсэнгүй. Гэхдээ АН хууль өөрчлөх замаар парламентын байр суурийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Засгийн газар, парламент хоёрын аль нь алийгаа захирч, шаардлага тавих статус нь тодорхойгүй болсон өнөө үед хууль өөрчлөх замаар УИХ-ын чадавхыг бэхжүүлэх гэсэн АН-ын оролдлого амжилт олох эсэх нь мөн л эргэлзээтэй. 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй их хурал парламентын байр сууриа хамгаалах гэсэн АН-ын оролдлогыг дэмжих болов уу?

Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх гэсэн Ж.Баярмаа гишүүний оролдлогыг Ерөнхий сайд хүлээн аваагүй. Бүтэн 8 жил нэг нам удирдаж, намын даргынхаа шийдвэрийг олонхоороо дагаж ирсэн нь магадгүй парламентын дээр намын дарга, Ерөнхий сайд суух ёстой мэт ойлголт бий болгосон байж мэдэх юм.

Парламентын гишүүнийг үл тоосон Ерөнхий сайдын үйлдлийг эсэргүүцсэн их хурал дахь АН олон талын шахаасаар бууж өглөө. Магадгүй сандал суудлынхаа ялгааг мэдрэхээ больсон өнөөгийн нөхцөл гүйцэтгэх засаглалын тэргүүнийг “Хаан шалдан байна” гэдэг үлгэрт ч хүргэж мэдэх юм. Зүй ёсны шаардлага тавьсан субъект буруудах нь шударга дуу хоолойг боох эрсдэлтэй. Ямартай ч хийсэн тэмцэл нь амжилт олоогүй АН хүчгүй, хавчигдмал, мөн улс төрийн дэмжлэггүй байгаагаар олны нүдэнд үлдлээ.

- Шинэ
- Хандалттай