Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өдөр тутмын амьдралд оролцохдоо юун дээр тусламж авч байна, ямар үйл хөдлөл нь хязгаарлагдаж байна, ямар чадвар нь илүү хөгжсөн байна гэх зэргийг тогтоодог. ICF буюу “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал”-ыг ашигладаг.
Манай улс ДЭМБ-ын ICD-10 аргачлал буюу өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу хүний хөгжлийн бэрхшээлийг ямар чадвараа хэр алдсанаар нь тогтоож байгаа юм. Үүнээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон үйлчилгээ, бодлого, арга хэмжээг оновчтой хүргэж чадахгүй байна.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттай нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана” гэж туссан. Одоогоор ICF-г нэвтрүүлэхээр салбар бүр тус тусдаа ажиллаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зөвлөх үйлчилгээний тайланд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд ашиглах аргачлалыг боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ашиглах туршилтыг хийж байна.
Харин ЭМЯ “Өвчний олон улсын 11 дүгээр ангилал”-ын шинэ хувилбарт шилжих арга хэмжээг авч байгаа аж.