“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн зургаан шинэ дэд төвийн ажлыг есөн жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах ажлыг Сэлбэ дэд төвөөс эхлүүлэхээр ажиллаж байгаа юм. Тэгвэл Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийт 156 га бүхий 2206 иргэний газрыг чөлөөлөх юм. Үүнээс одоогоор 30 гаруй айл газар чөлөөлөхийг эсэргүүцэж буй аж. Харин Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны тухайд одоогоор 200 гаруй өрх газраа чөлөөлсөн юм байна. Тус хорооны иргэн Б.Гэрэлмаатай цөөн хором ярилцлаа. Тэднийх хашаандаа 19 дэх жилдээ амьдарч буй бөгөөд энэ долоо хоногийн баасан гарагт газраа чөлөөлөх аж.
——————————————————————————-
-Танай хорооны газар төлөвлөлтөд багтсан айлууд хэзээнээс газраа чөлөөлж эхэлсэн бэ?
-Одоогоос яг нэг жилийн өмнөөс айл өрхүүдэд санал тавьж, газар чөлөөлөх ажил эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаа учраас биднийг энэ долоо хоногийн баасан гариг гэхэд нүүх хэрэгтэй гэж сануулсан. Бид одоо амбаар саваа буулгаж, хашаагаа цэгцэлж байна.
-Газар чөлөөлөх шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Мэдээж амьдарч дассан газраасаа нүүх хэцүү. Гэхдээ хувхай хоосон хоцроогүй, эд хөрөнгөө зохистой хэмжээнд үнэлүүлж чадсан учраас зөв шийдвэр гэж бодож байна. Улсын ажилд саад бололгүй хамтарч байгаадаа сэтгэл амар байна.
-Газраа чөлөөлөх шийдвэрийг гаргасан шалтгаан тань юу байв?
-Манайх зургаан хүүхэдтэй, ам бүл олуулаа. 0.4 га жижиг газартай. Газраа үнэлэхдээ мөнгийг нь бэлэн мөнгөөр авсан. Түүн дээрээ нь өөрсдөө мөнгө нэмж байр авахаар болсон. Энд баригдах байр ашиглалтад орохыг хүлээгээд түрээсийн байраар явах хэцүү шүү дээ. Бидэнд өгсөн мөнгө олуулаа амьдрах олон өрөө байр авахад хүрэхгүй ч улсын ажилд саад болохыг хүсээгүй учир нүүхээр шийдсэн.
-Газрын үнэлгээ ямар байна вэ?
-Газрыг тухайн айлын газрын хэмжээ, байршлаас хамааран харилцан адилгүй үнэлж байна. Манай хорооны ихэнх айл газраа чөлөөлөхдөө үнэ, мөнгөний тал дээр сэтгэл ханамжтай байсан. Харин гудамжны нүүрэн талын ААН, албан байгууллагууд гэрээ хэлцэл хийж, ойлголцолд хүрээгүй байж магадгүй юм. Тэд газраа чөлөөлөөгүй байгаа. Манай гудамжинд одоогоор манайхтай нийлээд гуравхан айл үлдээд байна гэсэн юм.
Сэлбэ дэд төвийг байгуулснаар утаа 22 хувь, түгжрэл 36 хувиар буурах тооцооллыг гаргажээ. Түүнчлэн орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ гэдгийг албаныхан мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
М.Сийлэн, Ө.Анхзаяа
2025-05-07 08:31:56
Баянзүрх хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ гээд газар чөлөөлж аваад одоо хүртэл байраа бариагүй Ай эн Жи буюу Баянзүрх хорооллын байр, Мөн уг компанийн будын өмнөөс мөнгийг нь авчаад 8 жил болж байгаа Чулуун овоогийн барилга зэргийг нь дахиж хянаж үзэж иргэдээ хохиролгүй болгож өгмөөр байна