Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг сайд нар танилцууллаа
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Ураны хайгуул, олборлолтод иргэдийг оролцуулах, хяналт тавих зарим арга хэмжээний тухай тогтоолыг өнөөдөр Засгийн газар баталсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийсэн ураны геологи хайгуулын ажлын үр дүн болон уран олборлох техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөний талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгаанд тулгуурлан, холбогдох мэдээлэл бэлтгэн, олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.
Үндсэн хуулиар олгосон иргэдийн мэдэх эрхийг хангуулах, хариуцлагатай уул уурхай бий болгоход орон нутгийн иргэдийг оролцуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд 6 сайдаар ахлуулсан ажлын хэсэгт иргэний нийгмийн байгууллагууд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагад ажлын хэсэг анхаарч, Засгийн газар тогтоол баталлаа. Энэ тогтоолд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас уран олборлох, боловсруулахтай холбоотойгоор хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөний талаар холбогдох мэдээлэл хүргүүлэх, мөн мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөний судалгааг илүү өргөн хүрээнд хийнэ. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар суманд нийгмийн хариуцлагын хүрээнд нэг сая ам.доллар олгоно. Энэ бүх асуудалд хяналт тавьж ажиллахыг хариуцсан албан тушаалтнуудад даалгалаа. Мөн орон тооны бус иргэдийн хяналтын зөвлөл байгуулахаар боллоо.