horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Одонтуяа сайд аа! Ундны усандаа ураны шүүлтүүр тавиулъя

post-img

Ундны усны стандартаар Дорноговь, Говьсүмбэр аймгийнхан бусад аймгийнхныг бодвол хамгийн их урантай ус ууж байгааг МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор, Гавьяат багш Х.Цоохүү, Химийн тэнхимийн профессор, доктор О.Болормаа, физикч, доктор Н.Тэгшбаяр нар тогтоолоо. Дорноговийн 50 худгаас дээж авахад, 24 худгийн усан дахь уран хүлцэж болох хэмжээ буюу 30 мкг/л-ээс их гарчээ.

Энэ судалгаандаа тулгуурлан, 2020 онд “Монгол орны ундны санд агуулагдах ураны тархалтын зураг” гаргасан байна. Үүнээс харвал манай орны зүүн хэсэгт хойноос урагш тархсан уран байдаг аж. Энэ бүсэд орших  Дорноговь, Дорнод аймгаас ураны орд илэрч байгаа нь ч ойлгомжтой боллоо. Улаанбадрахын мал уранд хордож байна гэж малчид сэжиглээд байгаагийн учир ч тодорхой болов.  Улсын хэмжээнд хамгийн их урантай ус Дорноговьд байгааг дээрх эрдэмтэд  судалгаагаар тогтоожээ.  

Дорноговийн аль сумын гүний усанд уран хэр их байна вэ

  1. Алтанширээ 347 мкг/л
  2. Хөвсгөл 271 мкг/л ,
  3. Сайншанд 124 мкг/л ,
  4. Хатанбулаг 73 мкг/л ,
  5. Замын-Үүд 62 мкг/л ,
  6. Өргөн 44 мкг/л ,
  7. Айраг 36 мкг/л ,
  8. Мандах 31 мкг/л ,
  9. Иххэт 28 мкг/л ,
  10. Даланжаргал 22 мкг/л ,
  11. Улаанбадрах 22 мкг/л ,
  12. Эрдэнэ 21 мкг/л ,
  13. Сайхандулаан 15 мкг/л

Дорноговь 14 сумтай. Дэлгэрэхээс бусад 13 сумын худгаас нь судлаачид шинжилгээний дээж авчээ. Эндхийн худгийн гүн 5-140 метр. Тэгвэл “Бадрах-Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо ордын уран 150-200 м гүнд байгаа аж. Энэ урантай ундны усны уран ямар ч хамаагүй. Дорноговийн хөрс шороо бүхэлдээ урантай гэдэг нь энэ судалгаагаар тодорхой боллоо. Бүхнийг уусгагч ус ураныг хүртэл уусгаж авчээ. Түүнийг нь бид мэдэхгүй өөрсдөө ууж, мал, ногоо, жимсээ усалж байна.

Улаанбадрахынхан л мал уранд хордсон тухай яриад байгаа болохоос үнэндээ хамгийн их хордож байгаа нь Алтанширээ сумынхан болж таарав. 13 сумын 8-ынх нь худгийн усанд хүлцэх хэмжээнээс их уран байна. Уран уг нь ундны усанд байх ёсгүй. Гэхдээ байгаа бол 1 л усанд 30 мкг байвал тэвчиж болно гэж ДЭМБ тогтоожээ.

         Ураны шинжилгээг давтаж хийжээ

Уран бол хор учраас шинжилгээгээ алдаагүй, баттай хийхийн тулд доктор Х.Цоохүү, Н.Тэгшбаяр, О.Болормаа нар 1 худгийн уснаас 2-3 удаа давтан дээж авсан байна. 2012 онд дээж авсан худгаас 2013 онд дахин дээж авч, шинжилсэн гэсэн үг. Тухайлбал: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын төвөөс 5 км зайтай Хойд худаг гэж байдаг аж. Эндээс эхний жил авсан 1 л усанд 347 мкг уран байсан бол дараа жил авсан усанд 219 мкг/л уран илэрчээ.

Ураны хэмжээ ийн ялгаатай илэрч байгааг судлаачид уг худгаас их хэмжээний ус авсан, аваагүй үетэй холбон тайлбарлав. Мал усалсны дараа уг худгаас дээж авч шинжлэхэд уран бага гарсан бол мал услаагүй, худгийн ус хөдөлгөөнгүй байх үед дээж авч шинжлэхэд уран их гарсан байна. Учир нь уран хүнд элемент учир худгийн ёроолд тунадаг. Ураныг ус зөөдөг. Зөөвч-Овоо, Дулаан-Уул зэрэг ураны орд ингэж үүссэн юм.

Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Төв аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ нам дор газар. Энд эрт цагт далай байсан. Уг далайн усны үлдэгдэл одоо манай говийн хөрсөн доор бий. Далайн ус маш шорвог, эрдэс ихтэй байдаг. Хэдэн мянган жил хөдөлгөөнгүй байсан, урсдаггүй энэ усанд уран, хүнцэл, цайр, зэс гэх мэт хүнд металл тунасан байх нь аргагүй аж.

Учир нь Дорноговийн уснаас уранаар тогтохгүй хүнцэл, цайр, зэс их илэрчээ. Ийм олон хүнд металлтай, тэр нь хүлцэх хэмжээнээс давсан ус байнга ууж байгаа мал өвчлөх, гажиг төл гарах нь ойлгомжтой. Улаанбадрахын малчид малаа л ажиглаад, асуудал үүсгэж байгаа болохоос өөрсдийнхөө эрүүл мэндийг ямар байгааг мэдэхгүй байна. Ийм ус байнга ууж байгаа хүний эрүүл мэнд ч авах юмгүй болох нь тодорхой.

Улаанбадрах суманд л ураны орд илэрч, түүнтэй малынхаа өвчнийг холбон сэрдэж байна. Ураны ордгүй Алтанширээ, Хөвсгөл, Сайншанд, Хатанбулаг, Замын-Үүд, Өргөн, Айраг, Мандах сумынхан сэрдэх юмгүй болохоор хүн, малынхаа өвчний шалтгааныг мэдэхгүй таг чимээгүй сууж байна.

    Ундны усан дахь ураныг шүүх хэрэгтэй

Уг нь монголчууд урантай ус ууж байгааг аль хэдийнэ судлаачид тогтоочихсон юм билээ. Монгол орны усанд уран байгаа эсэхийг 2011 онд оросууд анх судалжээ. Тэд баруун аймгуудын давст нуур, гүний усыг судалсан байна. АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаач Ж.Нирагу, АШУҮИС-ийн судлаач Ц.Болормаа, УСУГ-ын ажилтан Э.Эрдэнэчимэг нар хамтран 2010-2012 онд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн усан дахь ураныг судалж, хэвлэлээр мэдээлжээ. 2012-2014 онд Монголын судлаач С.Ариунбилэг, Оросын судлаач В.П.Исупов нар, АНУ-ын судлаач С.Бенжамин, Монголын судлаач Т.Пунцаг нар баруун аймгуудын нууруудын усан дахь ураныг тодорхойлжээ.

Тэдний судалгааны үр дүнг манайхан мэдээгүй юү, мэдсэн ч тоосонгүй юү, ямар нэг шалтгаанаар чимээгүй орхисон байх юм. Хамгийн гол нь тэдний болоод Х.Цоохүү, Н.Тэгшбаяр, О.Болормаа нарын судалгааны дүн хоорондоо яг таарч байна. Монголчууд асар их урантай ус ууж байгааг тогтоочхоод байна. Үүнийг мэдсэн ч мэдээгүй царайлж яагаад ч болохгүй. Монголчууд урантай ус уун, химийн бодис, цацрагт хордож байна.

Ундны усны чанар, стандартыг БОУАӨЯ хариуцдаг. Энэ яам, С.Одонтуяа сайд энэ судалгааг анхааралдаа авч, сайтар танилцан, хүн амын өвчний шалтгааныг судлах хэрэгтэй. Хүн амынхаа ундны усан дахь уран, хүнцэл тэргүүтэй хорыг шүүх шаардлагатай байна.

Дэлхийн улсууд 1950 оноос эхлэн, усан дахь уранаа шүүдэг болчихжээ. Түүнээс хойш 75 жил өнгөрч, шинжлэх ухаан, технологи, техник хамаагүй сайн хөгжлөө. Харин бид урантай усаа уусаар л байна. Юу ууж байгаагаа ч мэдэхгүй явна. Усан дахь ураныг шүүх коагуляцын, шохойн чулуугаар зөөлрүүлэх, ион солилцох, урвуу осмос гэх мэт олон арга байдаг аж. Нано шүүлтүүр ч бий болсон.

Ийм үед монголчууд бид уран, хүнцэл, хартугалга гэх мэт хортой хүнд металлтай, цацрагтай ус уумааргүй байна. Хүн, малаас салахаа байсан айхтар өвчнүүд үүнээс үүдэлтэй нь ч тодорхой. Болгоож хайрла!

0/1000