horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

А.Итгэлт: Санхүүгийн бололцоотой, ганц бие гэдэг мэдээллээ сошиалд оруулснаар романс залилангийн хохирогч болдог

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй романс залилангийн талаар ярилцлаа.

——————————————————————–

-Романс залилан их гарч байна гэдэг. Романс залилан гэж юуг хэлэх вэ?

-Романс залилан нь цахим орчинд зурвас хэлбэрээр явагддаг онцлогтой. Дэлгэрүүлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн цахимаар танилцаж, хайр сэтгэлийн харилцаа үүсгэж, нэг нь нөгөөгийнхөө итгэлийг олох байдлаар залилахыг романс залилан гэдэг. Залилж байгаа болон залилуулж байгаа иргэд цахим орчинд хувийн мэдээллээ хэр их байршуулдгаас шалтгаалж хохирогч бий болдог.

-Энэ төрлийн залилангийн үйлдэл нарийсч байна уу?

-Өмнөх жилүүдэд эрэгтэй хүн хохирогч болсон тохиолдлууд цөөнгүй бүртгэгдсэн. Тэдний онцлог нь хөдөө орон нутагт мал малладаг, ганц бие, цахим сүлжээг байнга ашигладаггүй байдал юм.

Тэд ихэвчлэн ганцаардсан байдалтай, хэн нэгэнтэй дотно харилцаагүй амьдарч байтал гэнэт хэн нэгэн хүн цахимаар зурвас бичээд тухайн хүний чихэн дээр нь цэцэг ургуулна гэдэг шиг ойрд сонсоогүй сайхан үгсийг хэлж, хэн хүнээс илүү анхаарал халамж тавьж, адаглаад өглөө, өдөр, оройн мэнд хүргэж, “Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье” гэх байдлаар урмын сайхан үгстэй зурвас илгээдэг.

Үүнийг нь хүлээж авч байгаа хүн эхэндээ тэр бүхнийг анзаарахгүй байх нь бий. Гэвч сүүлдээ тэр хүнээс гоё сайхан, халуун дулаан үг сонсохыг хүсдэг болчихдог. Ингээд тухайн хүнийг сонирхож эхлэх бөгөөд цахим хаяг руу орж үзэхээр өөрийнх нь зураг, мэдээлэл байхгүй ч дандаа гэгээлэг зүйл нийтэлсэн байх тохиолдлууд байдаг. Ийнхүү итгэлийг нь олж, улмаар залилдаг.

-Манай улсад энэ төрлийн залилан хэзээнээс бүртгэгдэж эхлэв?

-2016, 2017 оноос хойш монголчууд фэйсбүүкийг өргөн хэрэглэж эхэлсэн. Энэ үеэс л романс залилан гарч эхэлсэн. Энэ төрлийн залилангийн үйлдлийн арга дэлхий нийтээрээ яг адилхан. 2010 оноос өмнө манай улс цахим орчны хэрэглээ, мэдлэг, түвшнээрээ дэлхийн жишгээс дор алхдаг байсан бол орчин үед хөл нийлүүлэн алхаж байна.

-Ихэвчлэн эрэгтэй хүмүүс романс залилан хийдэг гэдэг үнэн үү?

-Тийм. Романс залилан хийж байгаа хүмүүс ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Гэхдээ сүүлийн үед өсвөр насны, эсвэл 18-25 насны залуу охид цахимаар бага хэмжээний мөнгө залилах тохиолдлууд гарсаар байна. Хэдий хохирсон иргэд цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй боловч ийм байдал ажиглагдаж байна. Хохирлын хэмжээ нь бага болохоор залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байх хандлагатай байдаг. Дэлгэрүүлбэл, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилготой эмэгтэйчүүд өөрийнхөө залуу, гоё сайхан байгаа зургаар бусдыг урхидаж, эрэгтэй хүнийг магтаж сайшаагаад, зөрүүлээд янз бүрийн шалтаг шалтгаан хэлж мөнгө асуудаг.

-Хохирогчдын онцлог юу вэ. Тэд ихэвчлэн хэд орчим насныхан байна вэ?

-Энэ төрлийн залилангийн хохирогчдын дийлэнх нь 2545 орчим насны эмэгтэйчүүд байна. Ер нь манай улсын тухайд эмэгтэйчүүд романс залилангийн улмаас их хохирдог. Цөөн тооны эрэгтэйчүүд хохирсон тохиолдол бий. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хохирогчдын дийлэнх нь Их, дээд сургуульд сурч боловсрол эзэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн, ганц бие хүмүүс, эсвэл зохиосон амьдрал нь бүтэлгүйтсэн хүмүүс байх нь бий. Гэр бүл, хань ижилтэй байж байгаад хоёр тийш болсон хүмүүс, эсвэл ганц бие хүмүүс сошиалд өөрийнхөө санхүүгийн бололцоотой, ганц бие гэдгээ илэрхийлсэн мэдээлэл оруулснаасаа болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог.

Залилагчид “Чи өрх толгойлсон ээж байж болно. Би хүүхдийг чинь өөрийнхөө хүүхэд шиг хайрлаж, хамгаалж явах болно. Надад итгэж болно. Би амьдралын төлөө хичээж, чадлаараа ажиллаж байгаа ч одоохондоо олсон мөнгө минь амьдралд хүрэлцэхгүй байна. Би чамаас юугаа нуух вэ. Байр, машин авахад мөнгө дутаад байна” гэх байдлаар шударга хүний дүр эсгэж ирээдүйд хамт амьдрах юм шиг сэтгэгдэл, найдвар төрүүлчихээд залилсан тохиолдол байдаг. Энэ мэтчилэн байдлаар харилцаж байгаа хүндээ чин сэтгэлээсээ хайр сэтгэлтэй болчихсон мэт мэдрэмж төрүүлж, итгэлийг нь олох байдлаар залилдаг. Эмэгтэйчүүд “Байр, машин авахад нь мөнгө хандивлачих юм бол эцэст нь бидний л өмч болно. Алсдаа хэрэгтэй” гэж боддог. Тэдний яг энэ сэтгэхүйгээр нь залилагчид тоглодог.

-Энэ онд романс залилангийн хэдэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна вэ?

-Он гарснаас хойш иргэд романс залилангийн гэмт хэрэгт өртөж, хохироод цагдаагийн байгууллагад шалгуулсан байдал өмнөх онуудаас бага байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар романс залиланд өртсөн гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, үйлдлийн арга нь романс залилан биш хэдий ч танилцсан хүн нь “Мөнгө зээлээч” гэхээр нь зээлсэн тохиолдлууд бий. Энэ нь романс залилангийн үйлдлийн арга биш учраас бүртгэгдсэн тохиолдол байхгүй гэж байгаа минь ийм учиртай.

-Залилагчийг таних арга бий юу. Иргэд романс залилангийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хэн нэгэн хүн тантай ямар нэгэн байдлаар цахимаар холбогдоод танилцахыг хүсч байвал та тухайн хүний цахим хаяг дээрх мэдээллийг өөрийнхөө хэмжээнд маш сайн нягтлан шалгах хэрэгтэй. Тухайн хаягийг хэзээ нээсэн, хэр удаан ашиглаж байгаа, хөгжүүлэлт хэр хийсэн байна вэ гэдгийг анзаарч харах нь зүйтэй. Хэн нэгний цахим хаяг янз бүрийн хүүхэлдэйн киноны баатар, “Hollywood”-ын алдартай жүжигчид, уул ус, цэцэг жимсний нүүр зурагтай, түүнээс өөр юу ч байхгүй байж болно. Цахим орчин гэдэг тухайн хүний хувийн орон зай учир өөрийнхөө зургийг нийтлэх эсэх нь тухайн хүний сонголтын асуудал. Гэхдээ хамгийн багадаа таван хүний хоёр нь цахимд өөрийгөө нууцалдаг. “Ковид-19” цар тахлын үед дэлхий нийтээрээ цахим хаягтай болсон. Тэгэхээр тухайн хаягийг дор хаяж таван жил ашигласан байх ёстой. Ер нь цахимын цаана хэн ч байж болох учраас цахимаар хүнтэй танилцах, дотносохоос зайлсхийх хэрэгтэй. Хэрэв та цахим орчинд танихгүй хэн нэгэн хүнтэй дотносож, харилцаа үүсгэж байгаа л бол яаж ийж байгаад биечлэн уулзах шаардлагатай. Тэгэхгүй л бол техник технологи хөгжихийн хэрээр таны залилуулах эрсдэл улам өсч байна. Хиймэл оюун ухаан хөгжсөн энэ үед цахимаар танихгүй хүнтэй харилцана гэдэг эрсдэлтэй. Та тухайн хүнтэй “Video call” хийж байгаа ч тэр хүний дүрс бичлэгийг хиймэл оюун ухаанаар баяжуулчихсан байж ч болох учраас үүнд анхаарах хэрэгтэй байна.

-Та иргэдэд хандан бусад төрлийн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэд та бүхэн ямар ч тохиолдолд сэжигтэй холбоос дээр дарахгүй байх нь зүйтэй. Учир нь фишинг халдлага байж болзошгүй юм. Сэжигтэй холбоос дээр дарсан тохиолдолд та хамаг мэдээллээ алдах эрсдэл бий. Түүнчлэн иргэд та бүхэн хэн нэгэн хүнд, ялангуяа танихгүй хүнд өөрийнхөө хувийн мэдээлэл буюу овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, дансны дугаараа ямар ч тохиолдолд битгий өгөөч ээ. Нэг өдөр цагдаагийн алба хаагч гэрийн тань хаалгыг тогшоод “Та гэмт хэрэг үйлдсэн байна” гээд ороод ирэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл гэмт хэрэгтнүүд таны мэдээллээр залилах гэмт хэрэг үйлдчихсэн байхыг ч үгүйсгэхгүй. Та хэрэгтэн болох магадлал өндөр учраас хэзээ ч, хэнд ч хувийн мэдээллээ битгий өгөөрэй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Анхзаяа

0/1000