horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Газар усны нэр өөрчилсөн казахуудын ял хэвээрээ үлдлээ

post-img

Улсын дээд шүүх өнөөдөр (2025.05.08) Д.Бауыржан, А.Гылымхан, Д.Ербол, С.Хонаев, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, К.Бекжан, Ө.Хуралай, К.Болат, С.Арман, Д.Есболат, Т.Аршагүл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймгийн ИТХ 2017.03.16-ны өдрийн 31 дугаартай тогтоол гаргаж, аймгийн засаг даргын орлогч А.Камелият, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Сагсай сумын засаг дарга С.Хонаев, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Д.Ербол, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Ө.Хуралай, Улаанхус сумын засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын засаг дарга К.Хуаныш, Д.Есболат нарыг болон ажлын хэсгийн гишүүдээр баталжээ. Тэд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын Ажлын албаны ажилтан Т.Аршагүл нартай бүлэглэн, Баян-Өлгий аймгийн Өлгий, Дэлүүн, Ногооннуур, Сагсай зэрэг суманд шинэ баг байгуулахдаа монгол биш, казах нэр өгчээ.

Эрүүгийн цагдаагийн алба 2020 онд тус аймгийн ИТХ-ын болон засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилснийг нь тогтоосон байдаг. Энэ хэрэгт дээрх 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу ЭЦА яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн, нийслэлийн Прокурорын газар  яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.  

Тэдний казах болгосон багийн нэр:  

  • Өлгий сумын 8-р багийн нэрийг Ах хус тау,
  • 11-р багийн нэрийг Бүркит,
  • 12-р багийн нэрийг Жасыл бах,
  • 13-р багийн нэрийг Жанаауыл,
  • Дэлүүн сумын 2-р багийн нэрийг Саралахаз,
  • Сагсай сумын 2-р багийн нэрийг Хол агаш,
  • 3-р багийн нэрийг Ахкорим,
  • Ногооннуур сумын 6-р баг буюу сумын төвийн нэрийг Хызылхайын,
  • 7-р багийн нэрийг Хосхарагай,  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.09.23-нд уг хэргийг хэлэлцээд, Д.Есболат, Д.Ербол, Т.Аршагүл, Ө.Хуралай нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. 

Шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан, К.Болат, С.Арман нарыг бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелиат нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 14 сая төгрөгөөр тус тус торгосон. 

Шүүгдэгч А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан, С.Арман нарыг 10 сая, шүүгдэгч К.Болатыг 5 сая төгрөгөөр торгосон юм.
Үүнийг тэд эсэргүүцэн, давж заалдсан ч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.01.29-нд тэдний гомдлыг хэлэлцээд, хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн юм.
Гэвч шүүгдэгч А.Камелият, К.Хуаныш, С.Арман, А.Гылымхан, С.Хонаев, П.Еркебулан, Д.Бауыржан, А.Серикболат, К.Болат, К.Бекжан нар УДШ-д ханджээ. Тэдний гомдлыг УДШ өнөөдөр хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Ийн энэ хэргийг УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзлаа. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ял хэвээрээ үлдэж байна.

0/1000
Б

Үндэсний аюулгүй байдалд занал хийлнэ гэдэг нь биш юмуу? 20 жилийн ялтай биздээ