horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Болормаа: Хүн, малын өвчнийг уран, хүнцэл гэх мэт хүнд металлтай холбож судлах шаардлагатай

post-img

Монгол орны ундны усан дахь ураныг монгол эрдэмтэд анх удаа бие даан судлаад байна. Энэ талаар МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаатай ярилцлаа. Тэрээр МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор, Гавьяат багш Х.Цоохүү, Цөмийн энергийн газрын дарга асан, доктор Н.Тэгшбаяр нартай хамтран, 2012-2021 онд энэ судалгааг хийжээ. Физикч, химич мэргэжилтнүүд энэ судалгааг хамтарч хийсэн нь давуу тал болжээ

-21 аймаг, 304 сум, тосгон, Улаанбаатар хотын ундны усыг судалгаандаа хамруулжээ. 304 худгийн усыг шинжилсэн юм байна. Эдгээр худаг хоорондоо хэр ойрхон байсан бэ. Усны нэг судал дээр байрладаг олон худгаас дээж авсан юм биш биз?

-Хоорондоо хамааралгүй худгуудаас дээж авсан. Газар дээр нь 10 гаруй төрлийн хэмжилт хийж, лабораторид нарийвчлан шинжилсэн. Ундны усан дахь ураныг тодорхойлох зорилго тавьсан учраас зөвхөн, аймаг, сум, том тосгоны ундны усаа авдаг худгаас дээж авсан. Аль болох эх үүсвэрийн худгаас дээж авахыг чухалчилж, нэг төрлийн олон худгаас дээж авахаас зайлсхийсэн. Бие биеэсээ хамааралгүй, бие даасан худгуудаас дээж авсан гэсэн үг. Монгол орны 1000 гаруй худгийн усан дахь ураны дундаж агуулга 14 мкг/л гэж гарсан. Улсын дунджаар бол хүлцэх хэмжээнд байна.

Манай оронд ураны 13 орд бий. 160 мянган тн ураны нөөцтэй. Тэгэхээр ус урантай байх нь аргагүй гэсэн үг.

-Улаанбаатарын худгуудаас бас дээж авчээ. Хотын аль хэсгийн ус уран ихтэй байна вэ?

-Нисэх, Яармаг, Шаргаморьт, Багахангай, Аржанчивлан, Өвөржанчивланд уран их байна. 2009 онд О.Чулуун, Н.Н.Бобровский нар хөрсөн дэх ураны цацрагийг судалсан юм. Уг судалгаагаар илрүүлсэн урантай газрууд бидний хийсэн судалгааны дүнтэй яг таарсан.

-Хамгийн их урантай ус хаана байна вэ?

-Дорноговь аймгийн Алтанширээ сумын худгийн усанд ДЭМБ-аас зөвшөөрсөн хүлцэх хэмжээнээс 11.6, манай улсынхаас 23 дахин их уран байна. Дорноговь 14 сумтай. Дэлгэрэхээс бусад 13 сумын худгаас нь дээж авахад, 12 сумынх нь усанд Монгол Улсын стандартаас их уран байсан. Ганцхан Сайхандулаан сумын ундны усан дахь уран хүлцэх хэмжээнд байсан.

Аймгаар яривал Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Төв, Увс, Хэнтий, Дархан-Уул, Завхан, Дорнод гэсэн 10 аймгийн усан дахь ураны агууламж улсын дунджаас их гарсан.

-Ураны ордтой газарт уран их байна уу?

-Тийм. Тухайлбал: Дорноговийн Алтанширээ, Хөвсгөл сумын ундны усанд уран байнга өндөр агууламжтай байдаг. Алтанширээ сум бол Говь-Тамсагийн ураны их мужийн Сайншандын ураны сав газарт хамаардаг. Хөвсгөл сумын зүүн урд 30-аадхан км-т Тажийн ураны томоохон илэрч бий. Баруун хойно нь 100-гаад км зайтай Элгэн, Гуулин, Хад, Айлын ураны илэрцтэй.

Уран багатай устай газар хаана байна вэ?

-Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон аймаг.

-Монголчууд ер нь хэр гүний ус уудаг юм бол. Шинжилгээний дээж авсан худгууд хэр гүнзгий байсан бэ?

-5-140 метр гүн худгууд байсан.

-Улсын хэмжээнд хийсэн, монгол эрдэмтэд өөрсдөө хийсэн, химич, физикчид хамтарсан гээд та бүхний судалгаа олон давуу талтай, онцлогтой юм байна. Энэ судалгааны дүнд эргэлзэхгүй байж болох уу?

-Бид судалгааныхаа дээжийг Япон, БНСУ-ын лабораторид явуулж, шинжлүүлсэн. Тэндээс ирүүлсэн хариу бидний гаргасан хариутай тохирч байсан.

Та бүхэн ураны агуулгыг урьдчилан мэдэх боломжтой гэсэн. Судалгаагаа ямар аргаар хийсэн бэ?

-Орчин үеийн машин сургалтын аргаар газар дээр нь зөөврийн багажаар физик-химийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон6 Үүнд тулгуурлан ураны агуулгыг ойролцоогоор гаргах боломжтой болгосон.  

-Нэгэнт байгаль дээр уран байгаа учраас бид хаашаа ч зугтах аргагүй. Тэгэхээр усан дахь ураныг яаж цэвэршүүлэх вэ. Шүүх боломж бий юү?

-Боломжтой. Дэлхийн улсууд 1950 оноос эхлэн, ундны усан дахь уранаа шүүдэг болсон. Усан дахь ураныг шүүх коагуляцын, шохойн чулуугаар зөөлрүүлэх, ион солилцох, урвуу осмос гэх мэт олон арга байдаг.

-Үүнээс усны ураныг сайн шүүдэг атлаа үнэ хямд арга нь аль нь вэ?

-Ураныг гайгүй шүүдэг атлаа үнэ хямд гэвэл шохойн чулуугаар зөөлрүүлэх, ион солилцооны арга байна. Богино хугацаанд хамгийн сайн шүүе гэвэл нано фильтерийн мембран байна. Нано шүүлтүүр мэдээж үнэтэй. Гэхдээ ямар ч хүн ундны усаа муу шүүлтүүрээр олон дахин шүүж, цаг алдахыг хүсэхгүй. Хамгийн сайн шүүлтүүрээр хурдан, найдвартай шүүхийг л хүснэ. 

Худгуудад уран, хартугалга гэх мэт хүнд металл цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулж, зардлыг нь жил бүр улсын төсөвт тусгах шаардлагатай. Шинээр гаргасан худгийн усан дахь уран болон бусад хүнд металлын агууламжийг заавал тодорхойлуулдаг болгомоор байна.

Урантай усыг зөвхөн хүн ууж байгаа юм биш шүү дээ. Тэндээс мал, ногоо, жимсээ усалж байна. Амьтан ууж байгаа. Эргээд мах, сүү, ногоо, жимсээр дамжуулаад хүмүүс уранд байнга хордож байгааг бодолцох хэрэгтэй. Уран ихтэй нуур, худгийн уснаас мал услах, хүн уух, газар тариаланд хэрэглэхийг зогсоож болно. Тэнд сумынхан анхааруулах самбар байрлуулах нь зөв.

Энэ судалгааны дүнгээ та бүхэн хэзээ, хэнд, ямар байгууллага, албан тушаалтанд танилцуулсан бэ. Тэд ямар арга хэмжээ авсан бол?

-2021 онд судалгааны дүн гармагц Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газарт танилцуулсан. Эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, геологи хайгуулын байгууллагуудад хүргүүлсэн. Гэвч өдий болтол хэн ч, юу ч хийгээгүй.

-Уг нь юу хийх ёстой юм бол?

-Ундны усны чанар, стандартыг БОУАӨЯ хариуцдаг учир С.Одонтуяа сайд энэ судалгааг анхааралдаа авч, ундны усан дахь уран, хүнцэл тэргүүтэй хүнд металлыг шүүх төхөөрөмж суурилуулах шаардлагатай байна. Эрүүл мэндийн яам хүн амын өвчний шалтгааныг урантай холбож, нарийвчлан судлах хэрэгтэй.

-Ус нэгэнт газарт байгаа учраас тэнд байгаа бүх металл, эрдэс гээд бүх бодисыг уусгаж авч байгаа. Газарт уранаас гадна хүнцэл, хартугалга, фтор гэх мэт хортой хүнд металл бий. Та бүхний шинжилгээгээр уранаас өөр хүнд металл ундны уснаас хэр илэрсэн бэ?

-Сэлэнгэ, Дундговь, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгийн ундын усанд хартугалга их байна. Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Төв, Архангайн ундны усанд хүнцэл их гарсан. Сүхбаатар, Дорноговь, Архангай, Дундговийн иргэдийн ууж байгаа ус фтор ихтэй байна. Дундговь, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатарын ус иод ихтэй юм байна. Сүхбаатар аймгийн ундны ус төмөр, хөнгөнцагаан, цайр, Дорноговийн ундны ус хүнцэл, зэс, цайр, Дорнодын усанд зэс, хүнцэл, Өмнөговийн усанд цайр, мөнгө, Говьсүмбэрийн усанд магни их байсан.

Уран байгаль дээр маш удаан задардаг. Задрахдаа янз бүрийн элемент үүсгэсээр хамгийн сүүлд үүсгэдэг бодис нь хартугалга. Энэ чинь бас л хүний эрүүл мэндэд хортой, хүнд металл.

-Уран мэдээж цацраг үүсгэнэ. Хүн цацрагт нь давхар хордож байгаа байх, тийм үү?

-Ураны агууламж ихсэх тусам цахилгаан дамжуулах чанар, усанд ууссан жижиг хэсэг, цацрагийн агууламж дагаж нэмэгддэг.

-Ийм их хортой ус ууж байгаа юм чинь Улаанбадрахын мал янз бүрийн өвчин тусах нь аргагүй юм байна. Гэтэл хүн яаж өвчилж байгаа бол. Судлах шаардлагатай юм байна. Гэтэл Улаанбадрахын уснаас илүү Алтанширээ, Хөвсгөл сумын ус маш их урантай юм байна шүү дээ.

-Хүн, малын өвчнийг уран, хартугалга, хүнцэл гэх мэт хүнд металлтай холбож судлах зайлшгүй шаардлагатай. Одоо бол дангаар нь судлаад байгаа юм. Алтанширээд газрын тос боловсруулах үйлдвэр, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор  байгуулж байгаа. Тэнд хүн ам суурьшуулъя гэвэл ундны усыг нь аюулгүй болгох шаардлага яах аргагүй үүснэ.  

0/1000