horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

2025 оны Пулитцерын шагналын эзэд тодорлоо

post-img

Лхагва гарагт АНУ-ын Колумбын их сургуулиас олгодог, утга зохиол болон сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд зүй ёсоор тооцогддог Пулитцерын шагналын эздийг танилцуулсан байна.  

Энэ онд сэтгүүл зүйн салбарт нийт 15 төрөлд Пулитцерын шагнал олгосон байна. Тодруулбал:

  • Олон нийтийн сэтгүүлзүйн төрөлд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус “ProPublica” байгууллага,
  • Шууд мэдээ сурвалжилгын төрөлд “Washigton Post” сонин,
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төрөлд “Reuters” агентлагийн сэтгүүлчдийн баг,
  • Орон нутгийн мэдээ сурвалжилгын төрөлд “New York Times” сонин,
  • Үндэсний хэмжээний мэдээ сурвалжилгын төрөлд “The Wall Street Journal” сонины хамт олон,
  • Олон улсын мэдээ сурвалжилгын төрөлд “New York Times” сонины сурвалжлагч Деклан Уолш,
  • Шүүмжлэлийн төрөлд “Bloomberg CityLab”-ийн шүүмжлэгч Александра Ланж зэрэг шагналтан тодорсон бөгөөд “Washington Post” болон “New York Times” сонины баг, хамт олон тус бүр хоёр төрөлд шагнал хүртжээ.

109 дэх удаагаа олгож буй Пулитцерын шагналын “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шилдэг бүтээл” төрөлд Зөвлөлтийн сөрөг хүчний хөдөлгөөний түүхийн талаар өгүүлсэн “Бидний найдваргүй үйл хэргийн амжилтын төлөө” хэмээх бүтээлээрээ Америкийн түүхч Бенжамин Натанс хүртсэн байна.

Харин утга зохиолын төрөлд Америкийн алдарт зохиолч Марк Твений “Хэклбери Финнийн адал явдал” зохиолыг шог хошин байдлаар дахин бүтээсэн “Жеймс” хэмээх романаараа Америкийн зохиолч Персиваль Эверетт Пулитцерын шагнал хүртсэн байна. Түүний уг бүтээл “The New York Times”, “Esquire”, “W Magazine” зэрэг нэр хүндтэй олон хэвлэлийн оны шилдэг номоор өмнө нь шалгарсан юм. Энэхүү номоор кино бүтээх эрхийг “Universal Pictures” кино компани худалдан авч, Холливудын алдарт найруулагч Стивен Спилберг продюсероор нь ажиллахаар болжээ.

Америкийн утга зохиол болон сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог Пулитцерыг унгар гаралтай Америкийн сонины эрхлэгч Жозеф Пулитцерын гэрээслэлийн дагуу 1917 оноос олгож эхэлсэн түүхтэй.

0/1000