Америкийн кардинал Роберт Фрэнсис Превост 5-р сарын 8-ны пүрэв гарагт явагдсан католик шашны кардиналуудын санал хураалтын үр дүнд Ромын 267 дахь папаар сонгогдсон байна. Тэрээр түүхэнд анх удаа АНУ-аас тодорсон, католик шашны тэргүүн боллоо.

Шинэ папыг сонгох кардиналуудын чуулганы ердөө хоёр дахь өдрийн үдээс хойш ийнхүү католик шашны тэргүүн хамба ламыг сонгож, Систинийн сүмийн оройн яндангаас цагаан утаа суунагласнаар Ромын шинэ пап тодорсон болохыг Гэгээн Петрийн талбайд хуран цугларсан олон болон Дэлхий дахинд зарласан байна. Тэрээр Лео хэмээх нэр сонгосноор Ромын пап XIV Лео гэсэн католик шашны тэргүүн хамба ламын албан ёсны нэртэй боллоо.

Удалгүй шинэ пап XIV Лео Гэгээн Петрийн сүмийн тагтан дээр гарч ирж, хуран цугларсан шүтлэгтнүүдтэй мэндчилж, олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Хүн бүр амар амгалан байг. Хайрт ах эгч, дүүс минь, та бүхэндээ бурхны төлөө амиа өгсөн, ахин амилсан Христ бурхны мэндийг хүргэж байна. Миний бие ч мөн адил та бүхэнд мэндчилж, энэхүү мэндчилгээгээрээ Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүрийн зүрх сэтгэлд энх тайван, амар амгалан байдлыг дамжуулж байна. Та бүхэн минь амар амгалан байг ээ” хэмээн ерөөжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ромын шинэ папыг тодруулахаар Ватиканд чуулсан 133 кардиналын нууц санал хураалтаар 89 санал цуглуулснаар Роберт Превост сонгогдсон байна. Кардиналуудын чуулганы хоёр дахь өдрийн санал хураалтаар шинэ папыг тодруулсан нь орчин үеийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд католик шашны тэргүүнийг сонгосон тохиолдол болоод байна.
20-р зууны түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн санал хураалт 1922 онд болжээ. 5 өдрийн дотор 14 удаа санал хураасны эцэст Ромын пап 11-р Пиусыг тодруулсан бол хамгийн богино нь 1939 онд 2 өдрийн дотор 3-хан удаагийн санал хураалтаар 12-р Пиусыг тодруулсан ажээ.
В.Путин, Э.Макрон гэх зэрэг Дэлхийн олон удирдагч түүнд Ромын папаар тодорсонд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлээд байгаа бол түүхэндээ анх удаа АНУ-аас Ромын пап тодорсон гэдэг утгаараа Д.Трампаас эхлээд тус улсын үе үеийн Ерөнхийлөгч нар мөн баярын мэндчилгээ дэвшүүлээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Америк паптай болсон нь нэр төрийн хэрэг” гээд түүнтэй удахгүй уулзах болно гэдгээ мэдэгджээ. Түүнээс гадна АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Конгрессын доод танхимын спикер Майк Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама, Ж.Байден, Ж.Буш нар Ромын пап XIV Леод талархал дэвшүүлээд байна. АНУ католик шүтлэгтний тоогоороо Дэлхийд 4-т бичигддэг ажээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Америкаас тодорсон Ромын анхны пап XIV Леод баяр хүргэж, католик шашны шинэ тэргүүнийг Дэлхий ертөнцөд энх тайван, тогтвортой байдал авчрахад хамтран ажиллана гэж итгэж найдаж байгаагаа илэрхийлээд, “Өнөөдөр манай Дэлхий ертөнцөд энх тайван, нийгмийн шударга ёс, хүмүүнлэг байдал, нигүүлслийн талаарх хүчтэй дуу хоолой шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэн байна.
Ромын шинэ папаар тодорсон Америкийн кардинал Роберт Фрэнсис Превост 1955 онд Чикаго хотноо төрж өссөн. Эцэг эх нь испани, франц, итали гаралтай хүмүүс байжээ. Багаасаа сүмд явдаг байсан тэрээр 1982 онд католик шашны лам болж, 1985 онд Перу улсад суурьшиж, шашны ажилд хүчин зүтгэх болсон байна. Тэрээр Перу улсын баруун хойд нутгийн Труио хотын сүмд багшилж, ном айлдангаа ту улсын давхар иргэншилтэй болжээ. 2023 онд Ромын пап Францис түүнд католик шашны кардинал цол хайрласан юм. Ватикан түүнийг Францисын дараа Америк тивээс тодорсон хоёр дахь пап хэмээн тодорхойлсон байна.
Ромын пап XIV Лео олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ өмнөх пап Францисын талаар сайхан үг хэлж, “Бид бүхнийг ивээсэн пап Францисын дуу хоолой одоо ч бидний чихэнд сонсогдож, эгшиглэсээр байна” гэжээ.
Ромын пап XIV Леог өмнөх пап Францисын эхлүүлсэн католик шашны шинэчлэлийг үргэлжлүүлэх хүн гэж онцолж байгаа юм. Тэрээр ядууст тусалж, цагаачдад дэмжлэг туслалцаа үзүүлэх тал дээр Францис агсантай ижил байр суурь, үзэл баримтлалтай гэгддэг байна. Тэрээр сонгогдсоныхоо дараа Гэгээн Петрийн сүмийн тагтан дээр Ромын папын уламжлалт хүрэн улаан өмсгөлтэй гарч ирэн, шүтлэгтэн олонтой мэндчилсээр Ромын католик сүмийн шинэ эрин үе эхэлснийг мэдэгджээ.
Ватикан пап XIV Леог анхны айлдвараа баасан гарагт уншина хэмээн мэдээлсэн байна. Католик шашны кардиналуудын өмнө ном айлдах энэхүү арга хэмжээ Систинийн сүмд зохиогдохоор болжээ. Ромын пап XIV Лео мөн ирэх даваа гарагт анх удаа хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзах талаар Ватикан мэдээллээ.