УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зээлдэгчийн эрхийг хамгаалах асуудлыг хөндсөн юм.
Тэрээр “Монголбанк иргэдийн зээлийн мэдээллийг хариуцаж байхад жилдээ 6 орчим төгрөгийн төсөв гаргаад шийдээд явдаг байсан одоо хувийн хоёр компани энэ үйлчилгээг явуулж эхлээд жилд иргэдээс 20 тэрбум төгрөг авч байна гэх мэдээлэл байна. Иргэдээс авдаг, аж ахуйн нэгжээс авдаг мөнгөө л нэмээд байхаас арилжааны банк, ББСБ-ууд зээл өгч байгаа нэрээр бизнес хийж байна. Шударга ёсны асуудал эндээс эхлэх ёстой. Монголбанк хэрэглэгчийн эрхийг хамгаалахад яг юу хийдэг юм бэ гэдгийг тодруулсан юм. Мөн “Монголбанк, санхүүгийн зохицуулах хорооныхон зөвхөн салбарын эрх ашгийг хангах гэж байдаг байгууллага гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Өнөөдөр монголчууд тэр чигээрээ банкны ажилтан болчихсон. Хөдөө малчид нь банкны мал маллаж байна, хөдөлмөрлөж байгаа алба хаагчид нь банкны мөнгийг богино хугацаанд өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилтан нь болчихсон, бизнесийн байгууллагууд өндөр хүүтэй зээлийн дарамтаас гарч чадахгүй, бизнесээ өргөжүүлж чадахгүй болчихсон нөхцөл он удаан жил үргэлжилж байна” гэв.
Ийм учраас УИХ-ын эдийн засгийн байнгын хороо зээлдэгчийн эрхийг хамгаалах хууль болон эрхийг нь хамгаалах бүтэц хэрхэн явах ёстой талаар мэдээлэл бэлтгэж УИХ-д яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.